Тавантолгойн цэргийн ангид гранат дэлбэрч 2 цэрэг амиа алдлаа

2017/04/11
Өнөөдөр /2017.04.11/ 18.00 цагийн орчим Төв аймгийн Алтанбулаг сум дах Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд дадлага сургууль хийж байсан цэргүүдийн гранат дэлбэрч 2 хүн нас барж, 8 хүн шархадсан гэсэн мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна.

Одоогийн байдлаар ЗХЖШ болон ЦЕГ-аас шуурхай тусгай бүлэг ослын газарт ажиллаж байна. Шархадсан долоон иргэний бие маш хүнд байгаа гэсэн мэдээлэл байна. Мөн ослын газарт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ очжээ.

Ослын талаар мэдээлэл  өгөөч. Ямар нөхцөл байдалд сургуулилт хийж байсан бэ?

-ЗХЖШ-ЫН ОРЛОГЧ  ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БАДАМБАЗАР:

-Өнөөдөр Зэвсэгт хүчний анги салбарууд ЗХЖШ-аас баталсан  2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу хээрийн сургалт, дадлага,байлдааны буудлага, харвалт хийгдэж байгаа. Бүх анги салбарууд энэ сургалтын төгсгөлд командлалын болон төгсөлтийн шалгалт авагддаг.

ЗХ-ны сургалтын төв буюу Таван толгой дахь  311, 350-р анги байлдааны буудлага хийх бэлтгэлээ хангах явцад  өнөөдөр 17,40 минутын орчимд осол болсон. Ослын шалтгааныг тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон  шуурхай комисс бид хууль хяналтын байгууллагынхантай  хамтран газар дээр нь ажиллаж байна.

Бид 17,40 минутын үед мэдээлэл аваад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон холбогдох байгууллагууд хамтарч шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа. Гол шалтгааныг бид хууль хяналтын байгууллага тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэнэ.  

Сургалт бэлтгэлийн явцад байлдааны гранатыг цэнэгтэй нь холбох дадлагыг ахмад Э нь явуулж байсан бөгөөд энэ үед  тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна. Гранат дэлбэрэх явцад ахлагч А, М нар газар дээрээ нас барж, 8 хүн шархадсан.

Энэ дагуу Цэргийн төв эмнэлэг дээр яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Бид  Батлан хамгаалах яамны сайд, ЗХЖШ, Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай холбогдон шаардлагатай арга хэмжээг авчахаар бэлтгэсэн.

Энэ ослын талаар хуулийн байгууллага шалган тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.   

ЗХ-ны сургалтын нэгдсэн төв нь Улаанбаатар хотоос  50 орчим км-т байрладаг бөгөөд энэ дадлага сургалт түүнээс 10 орчим км-н зайд болсон. Эндээс  шаардлагатай түргэн тусламжийн машин, Цэргийн төв эмнэлгийн бүрэлдэхүүнийг ажиллуулсан. 

-Осол юунаас болж гарсан бол?

-Бид яг одоо хэлж мэдэхгүй байна. Энд цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. 

Осол гарах 2 төрлийн шалтгаан байх магадлалтай.  Нэг нь хүний болгоомжгүй байдал эсвэл тухайн галт хэрэгслийн хадгалалт ашиглалтын байдлаас  шалтгаалсан техникийн осол байхыг үгүйсгэхгүй. 

-Ар гэрийнхэнд нь мэдэгдсэн үү?

Одоогийн байдлаар бид 3 хүнээс бусад бүх хүмүүсийн ар гэртэй холбогдсон. Нэг хүний ар гэр нь  Ховд аймагт байдаг юм байна.

Бид эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэний дараа ар гэртэй нь холбогдох арга хэмжээ авна. Ар гэрийн хүмүүсийг ирэхэд эмнэлгийн байранд тэднийг байлгах тусгай өрөө бэлдсэн байгаа. 

-Шархадсан цэргүүдийн биеийн байдал ямар байна вэ? 

-ЦЭРГИЙН ТАВ ЭМНЭЛГИЙН ЭМЧИЛГЭЭ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ ДАРГА, ДЭД ХУРАНДАА Т.СҮХБААТАР: 

-Осол болсоны даруйд ЗХЖШ,  сургалтын нэгдсэн төвийн сургалтанд гарч байсан эмнэлгийн бүрэлдэхүүн эмч нар  газар орон дээр нь яаралтай тусламжийг үзүүлсэн.

Одоогийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт 8 цэргийн албан хаагч ирж эмчилгээ авч байгаа.

Газар дээр нь эмч нар эмнэлгийн тусламж үзүүлж  Эхний шархадсан өвчтөн 19,58 минут  сүүлийн албан хаагчийг 20,15 минутанд эмнэлэгт ирсэн.

Одоогийн байдлаар 2 цэргийн албан хаагч яаралтай хагалгаанд орж байна. Ирсэн 8 цэргийн албан хаагчийн  хүний биеийн байдал тогтвортой, амь насанд аюулгүй байгаа.

Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна