​Нефть боловсруулах үйлдвэрийн технологийн шийдлийн эрэлд мордоцгооё

2017/04/12
Олон засгийн газар нефть боловсруулах үйлдвэр барина хэмээн амалж ирсэн боловч өнөөг хүртэл нэг нь ч биелэлээ олоогүй билээ. Хамгийн сүүлд Энэтхэгийн хөрөнгө оруулалтаар үйлдвэр барих асуудал хөндөгдсөн ч өнөөг болтол бодитой ажил болох эсэх нь бүрэн баталгаажаагүй байна. Тиймээс нефть боловсруулах үйлдвэр байгуулна хэмээн мөрөөдөхөөс илүү бодит алхам хийх хэрэгтэйг судлаачид анхааруулдаг.

Бодит байдал өөрчлөлтийг авчирна

Манайд шатахууны үнэ өсөхөд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хэвлэлийн хурал зарлаж Засгийн газар, түүний харьяа агентлагуудыг буруутган үнийг даруй буулгахыг шаарддаг. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нефть бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг хянах үүрэгтэй, мөн Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам шатахууны үнийг тогтвортой байлгах шийдлийг тодорхойлдог тул ийн төрийг буруутгадаг.

Энэ үзлээр иргэд ч мөн шатахууны үнийн өсөлтөд төрийг буруутгаж, бухимддаг. Улмаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны үг ч хаданд хашгирсан цуурай болон замхарч, иргэд ч үнийн өсөлттэй эвлэрээд сарын дараа гэхэд шатахууны үнэ хэзээ хэрхэн өссөнийг санах хүн бараг үгүй болдог.

Тэгвэл газрын тосны салбарын эрдэмтэн, мэргэдийн томоохон төлөөллийн нэг, доктор Ж.Цэвээнжав нэг зүйл дээр хатуу байр суурь баримтлах ёстойг тэмдэглэсэн. Тэрбээр “Шатахууны үнэ өсөхөд ард түмэн нийлүүлэгч талтай биш төртэй яриад байна. Төр үүнд хамааралгүй байх ёстой. Иргэд шатахууны үнийн өсөлтийг төртэй биш, нийлүүлэгч талтай ярих учиртай” хэмээсэн. 

Тэрслүү гэмээр энэ үзэл нэг талаар зөв. Хамгийн гол нь нефть бүтээгдэхүүний салбарыг бодит хөрсөн дээр нь буулгаснаар шинэчлэл хийх суурийг бүрдүүлж өгнө хэмээн тэрбээр үзэж байна. Өөрөөр хэлбэл, иргэд, нефть импортлогч, төр гэсэн гурвалсан хэлхээсээр холбогдсон.

Тэгвэл энэ хэлхээснээс төрийг авчихвал нефть импортлогч, иргэд хоёр учраа олох хэрэгтэй болно. Төр уг “тоглоом”-ноос гарснаар нефть импортлогч компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг зах зээлийн зарчимд суурилж өсгөнө. Магадгүй литр бензиний ханш 3-4 дахин өсөхийг үгүйсгэхгүй. Мөн төрийн өмчит компаниудад үнэтэй бензин шахаж ашиг хүртдэг, дэлхийн зах зээл дээр үнэ унаад байхад манайд буурдаггүй зэрэг олон маргаантай зөрчил ил болж бодит үнэн илчлэгдэнэ.

Ингэснээр иргэд бухимдах нь гарцаагүй. Энэ тохиолдолд нөхцөл байдалтай эвлэрч үнэтэй шатахуун худалдаж авах, эсвэл дотоод нөөц бололцоогоо ашиглах боломжийг идэвхитэй эрэлхийлж эхлэнэ. Энэ нь мэдээж нефть боловсруулах үйлдвэр байгуулах асуудал юм. Нөгөө талаас нефть импортлогч компаниудын хувьд зах зээлийн өрсөлдөөнд тунаж үлдэхийн тулд шатахуунаа аль болох бодит үнээр борлуулах, цаашлаад нефть боловсруулах үйлдвэрт хамтарч хөрөнгө оруулалт хийх зэрэг арга замуудыг эрэлхийлэх аж. Ер нь ард түмэнд бодит байдлыг таниулж, нөхцөл байдлыг даван туулах шийдлийг өөрсдийнх нь хүсэл зоригоор олуулах нь чухал гэдгийг Ж.Цэвээнжав хэлсэн.

Технологийн шийдлийг өөрсдөө олох ёстой

Манайд нефть боловсруулах үйлдвэр байгуулахад тулгардаг нэг хүндрэл бол түүхий эд юм. Манай улс жилд 1.2-1.3 сая тонн түүхий тос олборлож, урд хөрш рүү тээвэрлэж байна. Ойрын жилүүдэд энэ хэмжээ төдийлөн өсөхгүй. Гэтэл дэлхийд байгаа технологи хамгийн багадаа жилд 2 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай байдаг. Иймээс газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангахын тулд жилд 2 сая тонн тос олборлодог болтол хүлээх хэрэгтэй.

Эсвэл үлдэж байгаа 700-800 мянган тонн тосыг гаднаас импортолж үйлдвэрийн түүхий эдийг хангах ёстой гэсэн биелэх боломжгүй зүйлийг ярьж өдийг хүрсэн. Эхний хувилбарын хувьд манай улсын түүхий тосны олборлолт өнгөрсөн хугацаанд дорвитой өсөлгүй ирсэн байдаг.

Өнөөгийн байдлаар манай улс 332 сая тонн түүхий тосны нөөцтэй ч эдийн засгийн үр ашигтай нь 43 сая тонн. Хэрэв түүхий тосны олборлолтыг 2 сая тоннд хүргэлгүй 1,5 сая орчим тонныг олборлож зөөгөөд байвал 30 орчим жилийн дотор барна. Хоёр дахь хувилбарын хувьд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Дарханд нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар болж дотоодоос хангах бололцоогүй үлдэгдэл тосыг Оросоос авахаар болсон. Гэвч энэ нь зардал, найдвартай хангах эх үүсвэрийн хувьд ч боломжгүй болж хувирсан. 

Тиймээс салбарынхан 2 сая тонноос бага хүчин чадалтай үйлдвэрийн технологийн шийдлийг бид өөрсдөө олох ёстой хэмээж байна. Дэлхийн нефтийн нөөцөөр арвин баялаг, аж үйлдвэржсэн улс орнуудын хувьд хүн ам олонтой, үүнийг дагаад шатахууны хэрэглээ ихтэйгээс үүдэж технологийн шийдэл нь тодорхойлогдсон.
Өөрөөр хэлбэл, тэд жилд 2 сая тонноос бага нефть боловсруулах үйлдвэр байгуулах шаардлага байгаагүй юм. Тэртээ тэргүй өндөр хэрэглээг хангахын тулд хүчин чадал ихтэй үйлдвэр байгуулахыг бодно. Иймээс манайх дэлхийн технологийг хараад суулгүй өөрсдөө одоо олборлож байгаа 1.3 сая тонн түүхий тосоо боловсруулах хүчин чадал бүхий технологийг зохион бүтээх хэрэгтэй аж. Энэ чиглэлээр судалгааны баг гаргаж, Засгийн газраас зарим залууг бодлогоор дэмжин томоохон сургуулиудад мэргэшүүлж технологийн эрэл хайгууль хийх бололцоотой. 

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна