Нас барсан цэргүүдийн ар гэрт 10 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгоно

2017/04/12
Өчигдөр Төв аймгийн Алтанбулаг сум дах Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд дадлага сургууль хийж байсан цэргүүдийн гранат дэлбэрч 2 хүн нас барж, 8 хүн шархадсан ноцтой осол гарсан талаар бид мэдээлсэн. Өчигдрийн байдлаар шархадсан найман хүнийг цэргийн төв эмнэлэгт хүргэж, хоёрт нь яаралтай хагалгаа хийжээ.

Нас барсан хоёр цэргийн албан хаагчийн ар гэрт 10 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж, тэжээгчээ алдсаны мөнгөн тэтгэмж  олгох гэнэ. Өнөөдөр өглөө ЗХЖШ-ын  даргын тушаал гарч, нас барсан цэргүүдийн нөхөн олговрыг хуульд заасан хүрээнд шийдвэрлүүлэхээр болжээ. 

Албанынхан шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэж, эмнэлгийн тусламж хүргэсний дараа ар гэрийнхэнтэй нь холбогдож ослын талаар мэдэгдсэн байна. Ар гэрийнхэнд цэргүүдийн биеийн байдлын талаар мэдээлэл тогтмол өгч, хөдөө орон нутагт байгаа ар гэрийнхнийг нь хотод ирүүлэх асуудлыг ч ярилцжээ. Мөн шархадсан хүмүүсийн ар гэрийнхний байрлах өрөөг эмнэлэгт бэлдсэн байна.

Ослын шалтгааны дүгнэлтийг цагдаа, мэргэжлийн байгууллагууд гаргах хүртэл тодорхой мэдээлэл өгөхгүй гэдгийг албаныхан хэлсэн. Гэхдээ осол гарах хоёр төрлийн шалтгаан байх магадлалтай аж. Нэг нь хүний болгоомжгүй үйлдэл, эсвэл тухайн галт хэрэгслийн хадгалалт ашиглалтын байдлаас шалтгаалсан техникийн осол байхыг үгүйсгэхгүй гэж таамаглаж байгаа гэнэ.

Зэвсэгт хүчний анги салбарууд ЗХЖШ-аас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу хээрийн сургалт, дадлага,байлдааны буудлага , харвалт хийгдэж байжээ. Энэ хүрээнд бүх анги салбарууд энэ сургалтын төгсгөлд командлалын болон төгсөлтийн шалгалт өгдөг аж.

Зэвсэгт хүчний сургалтын төв буюу Таван толгой дахь сургалтын төвд 311, 350-р анги байлдааны буудлага хийх бэлтгэлээ хангах явцад дээрх осол гарсан байна. Тухайн үед байлдааны гранатыг цэнэгтэй нь холбох дадлагыг ахмад Э явуулж байхад тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна. Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв нь Улаанбаатар хотоос 50 орчим км-т байрладаг бөгөөд энэ дадлага сургалт түүнээс 10 орчим км-н зайд болжээ.

Ослын дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, одоогийн нөхцөл байдлын талаар яг одоо Зэвсэгт хүчний жанжин штабаас  мэдээлэл хийж байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг үргэлжлүүлэн хүргэх болно. 
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна