Амиа алдсан цэргүүд хэн байв?

2017/04/12
Тавантолгойн цэргийн бэлтгэл сургуулилтын талбайд гранат дэлбэрч, хоёр хүний амь нас эрсэдэж, найман алба хаагч шархадсан ослын талаар ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга н.Дашзэвэг,  Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар нар дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Осол 350-р анги сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу хээрийн сургуулийн бэлтгэл ажлыг хангах үеэр гарчээ. Ослын улмаас амиа алдсан хоёр цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ.  

Ахмад Батсуурийн Мөнгөншагай: 350-р ангийн ахмад. 1987 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. Эхнэр  5 настай хүүгийн хамт амьдардаг.  Батлан хамгаалах их сургуулийн Зэвсгийн албаны  офицер мэргэжлээр төгссөн, Зэвсэгт хүчний хэд хэдэн ангид алба хаасан. Афганистан,  өмнөд Судан улсад энхийг сахиулах алба хаасан, офицер цолтой. Бэлтгэл сургуулилтын бэлтгэлийг ахалж ажиллаж байжээ. 

Ахлагч Баасанболдын Аринболд: 1993 онд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, ээж,  эхнэр,  4  сартай хүүгийн хамт амьдардаг.  Мэргэжлийн ахлагч бэлтгэх  төвд  2012 онд суралцаж төгсөөд 350-р ангид алба хааж байсан. Бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах  алба хаасан цэргийн алба хаагч байжээ. 

Цэргийн ангийн 5 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг ослын газарт яаралтай тусламж үзүүлсэн ч амь насы нь аврах боломжгүй, хүнд шархадсан байжээ. Эмнэлгийн тусламж авсан 8 албан хаагчийн тухайд 22-28 насны мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалтын төвийг төгссөн, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож сон албан хаагчид юм байна.

Нас барсан албан хаагчдын ар гэрийнхэнд үндсэн цалингийн 10 жилтэй тэнцэх тэтгэмжийг олгоно гэж заасны дагуу тэтгэмж олгохоор болсон байна. Мөн гэр бүлийн гишүүдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж олгох асуудлыг судалж эхэлжээ. Өнөөдөр өглөө нас барсны тэтгэмжийг олгох ЗХЖШ-ын даргын тушаал гарсан байна.

Батлагдсан төлөвлөгөөний дагуу анги салбарууд өөр өөрийнхөө хээрийн бэлтгэлд гарсан үе тохиожээ. Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас хоёр ажлынг хэсэг байгуулагдсан. Нэг ажлын хэсэг нь ослын газарт ажиллах, төв аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж хамгаалалт авах ажлыг хийсэн  бол хоёр дахь ажлын хэсэг шархадсан цэргийн албан хаагчдыг яаралтай эмнэлэгт хүргэх ажлыг зохион байгуулах, хагалгааны бэлтгэлийг хангах, ар гэрийнхэнд шаардлагатай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулжээ.
 
Цэргийн албан хаагчдаас мэдүүлэг авчээ

Өчигдрөөс эхлэн ар гэртэй нь холбоо тогтоох, хөдөө орон нутгаас ирэх ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж. Ослын шалтгааныг тодруулахаар Төв аймгийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж цэргийн албан хаагчдаас мэдүүлэг аваад байна. Энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэл өгнө гэлээ. 
 
Хоёр цэрэгт хагалгаа хийж, эрчимт эмчилгээнд шилжүүлжээ

Ослын улмаас хүнд шархадсан хоёр алба хаагчийг яаралтай хагалгаанд оруулж эрчимт эмчилгээнд оруулсан талаар дэд хурандаа Т.Сүхбаатар мэдээллээ. Түүний өгсөн мэдээллээр “Осол болсон газарт очиход хоёр цэргийн алба хаагч хүнд гэмтэлтэй, амь насыг нь аврах боломжгүй байсан. Үлдсэн албан хаагчдыг эмнэлэгт хүргэх ажлыг тус бүр 3 хүний бүрэлдэхүүнтэй 2 шуурхай бүлэг зохион байгуулсан Тэсрэлтийн улмаас үүссэн гранатын хэсгүүд мөчдөөр нэвтэрч гараад сарвуу, гуя болон шилбэний зөөлөн эдэд нэвчиж орсон, цус алдалтын байдалтай байсан. Нийт цэргийн албан хаагчдад үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийгдэнэ. Бүрэн эдгэрсний дараа эмнэлгээс гаргах болно” гэлээ.

Осолтой холбоотойгоор хээрийн сургуулилтын үйл ажиллагааг зогсоож орон нутагт явагдаж байгаа сургуулилтад хяналт тавих ажлыг эрчимжүүлсэн байна. Ослын шалтгааныг хууль хяналтынхан тодруулж, дүгнэлт гарсны дараа ЗХЖШ-ын удирдлага  буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. 
 



Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна