Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч байсан гурван хүүхэд хоолноос хордож, нэг нь нас барсан хэрэг /2017.04.11/ гарсан. Хоолонд хордсон хүүхдүүд нэг гэр бүлийнх бөгөөд 6,8,11 настай юм байна. Тэдний нэг нь болох 8 настай охин хордлогын улмаас амиа алдаад байна.
Хүүхдүүд СХД-ийн 9-р хороонд оршин суух хаягтай ч Батсүмбэр сумын дотуур байранд амьдарч, хичээлдээ явдаг байжээ. Хүүхдүүд 4-р сарын 10-ны өдрөөс эхлэн гүйлгэж, бөөлжиж эхэлсэн тул дотуур байрны зүгээс харьяаллын дагуу СХД-ийн эмнэлэгт хүргэсэн байна. Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч нар Халдварт, өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д үзүүлэхийг ар гэрт нь зөвлөсөн ч тухайн өдөр хүүхдүүдийн ээж ХӨСҮТ- хандалгүй гэртээ иржээ.
Гэртээ ирээд бөөлжиж суулгасан хэвээр, биеийн байдал нь хүндэрсэн учир дахин СХД-ийн эмнэлэгт хандсан ч 9 настай охин удаан хугацаанд их хэмжээний шингэн алдсанаас таталт өгч эмнэлэгт хүргэгдэж ирээд нас баржээ. Одоогийн байдлаар хордлого авсан хоёр хүү ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдүүдээс авсан нянгийн шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах гэнэ.
Дотуур байранд амьдарч байсан хүүхэд хоолны хордлогоор амиа алдсан шалтгааныг тодруулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн хамтарсан баг Батсүмбэр сумын сургуулийн дотуур байрны гал тогоо болон бусад газраас дээж авч, шинжилгээ хийжээ. Гэхдээ хүүхдүүдийг дотуур байрны хоолноос хордоогүй, Нарантуул захаас өндөг авч идсэн гэх зэрэг таамаг байгаа аж.
Х.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна