Завхан аймгийн Идэр суманд нэгэн эмэгтэй өөрийгөө шатааж амиа алдсан
өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд хэрэг гарч, олныг цочирдуулсан билээ.
Тухайн үед тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга нягтлангаа хууль бусаар ажлаас нь халж, өөрийн ахаа ажилд авсныг эсэргүүцэж, нягтлангаар ажиллаж байсан эмэгтэй өөрийгөө шатааж хөнөөсөн гэх мэдээлэл гарч байсан юм
Тэгвэл өнөөдөр талийгаачийн нөхөр Ш.Батбаатар, талийгаачийн төрсөн ах н.Эрдэнэцогт, нагац ах С.Доржсүрэн болон өмгөөлөгч Б.Батмөнх нар өнөөдөр болсон явдлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Тэд талийгаачийн талаар буруу, ташаа мэдээлэл олон нийтэд цацагдаж байгаа учраас бодит мэдээллийг хүргэхээр ийнхүү хэвлэлийн хурал зарласан тухайгаа хэлж байв.
Тодруулбал, талийгаач С.Тэгшжаргал нь 28 жил Идэр сумын төрийн албанд ажилласан, 2005 оноос Идэр сумын нягтлан бодогчоор ажиллаж байгаад тухайн жилд төрийн албаны бүтцэд өөрчлөлт орсноор Санхүүгийн алба шинээр байгуулагджээ. Тухайн үед Санхүүгийн албаны даргаар Т.Сэлэнгэ томилогдон ажилласан байна. Харин талийгаач төрийн сангийн мэргэжилтэн болохоор Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч байжээ.
Талийгаач шалгалтад орсон хүмүүсйн эхний гуравт бичигдэж байж. Гэтэл Идэр сумын санхүүгийн албаны дарга Т.Сэлэнгэтэй төрөл, садангийн холбоотой байсан учраас Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг зөрчиж байгаа гэж үзэн, С.Нямжавыг ажилд аваагүй байна.
Тиймээс С.Нямжавын оронд талийгаач С.Тэгшжаргалыг Идэр сумын Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтнээр томилох шийдвэр гарч, өнгөрсөн хугацаанд тэрээр уг албыг хашиж байжээ.
Гэтэл 2017 оны гуравдугаар сарын 14-нд талийгаачийг гэнэт ажлаас нь чөлөөлж, төрийн албаны хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр С.Нямжавыг дахин томилохоор болсон юм байна.
Улмаар С.Нямжав нь Идэр сумын Засаг даргын орлогч н.Болдбаатарын эхнэр бөгөөд талийгаачийг ажлаа өгөөгүй байхад нь ирж, "Ажлаа хурдан хүлээлгэж өг" гэж дарамталдаг байсан гэнэ.
Тиймээс төрийн албанаас гэнэт чөлөөлсөн болон тухайн ажилд томилогдсон С.Нямжав нарын дарамтаас болж талийгаачамиа хорлоход хүрсэн гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа учраас шүүхэд тэд хоёр асуудлаар хандахаар болсон байна.
Өмгөөлөгч Б.Батмөнх энэ талаар “Талийгаач С.Тэгшжаргалыг МАН-ын хүн учраас ажлаас халсан гэсэн ташаа мэдээлэл гарсан байсан. Үнэн хэрэгтээ талийгаач аль нэг намын гишүүн биш. Төрийн жинхэнэ албан хаагч аль нэг намын гишүүн байж болохгүй гэсэн хууль бий. Гэтэл Идэр сумын одоогийн Засаг дарга н.Баярмаа болон С.Нямжав нар өмнө нь МАН-ын гишүүд байсан ч 2016 оны сонгуулийн өмнө Ардчилсан намд элссэн хүмүүс. С.Нямжав төрийн жинхэнэ албан хаагч байсан учраас намаасаа татгалзсан байх гэж найдаж байна” гэлээ.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна