Гүүрэн гарцуудад байршуулсан сурталчилгааны самбаруудын зөрчлийг арилгуулав

2017/04/14
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтэс, Инженерийн байгууламжийн хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран гүүрэн гарцнуудад байршуулсан мэдээлэл зар сурталчилгааны самбаруудын аюулгүй байдал, өргөх байгууламж /лифт/-ийн ашиглалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээний байдалтай 2017 оны 04 дүгээр сарын 05, 06-ны өдөр танилцаж, үзлэг шалгалт явууллаа.

Мэдээлэл зар сурталчилгааны самбар байршуулах асуудлыг гэрээний хүрээнд хариуцаж буй “Асокин” ХХК-ний захирал н.Болормааг байлцуулан, гүүрэн байгууламжийн дунд хэсэгт байршуулсан мэдээллийн самбаруудын гагнаас, бэхэлгээ нь зохих шаардлагын дагуу хийгдсэн болон байгууламжийн хийц бүтээцэд сөргөөр нөлөөлж буй байдалтай танилцасны дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн 2 дугаар Хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын явган хүний төмөр гүүрэн гарц, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын уулзварын явган хүний гүүрэн гарц, Хан-Уул дүүргийн 19-р хорооллын гүүрэн гарц дээр байрлах өргөх байгууламж /лифт/-ийн гадна хананд зөвшөөрөлгүйгээр байршуулсан, хотын өнгө үзэмж болон өргөх байгууламжийн ашиглалтын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц байдал үүсгэсэн сурталчилгааны самбар, анонсуудыг буулгах, тухайн мэдээллийг байрлуулахдаа хагалж гэмтээсэн хонгилын хагарсан шилийг солих, Нийслэлийн өмч хөрөнгийг бүрэн бүтэн болгож хохирлыг арилгах чиглэлээр Асокин ХХК-д хугацаатай үүрэг чиглэл өгсөн ба 04 дүгээр сарын 14-ний байдлаар 100 айлын гүүрэн гарцны лифтний гаднах ханын сурталчилгааны анонсыг буулгасан байна.

Цаашид үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж, гүйцэтгэлийг хангуулах чиглэлтэй ажиллаж байна.

Түүнчлэн байгууламжуудын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж буй Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-т гүүрэн гарцнуудын өргөх байгууламжийг зохих горимын дагуу ажиллуулах, 04 дүгээр сард багтаан ажиллагааг хэвийн болгох, их цэвэрлэгээ хийх, 100 айлын гүүрэн гарцны доор үйл ажиллагаа явуулж байсан цайны газрын хаяг рекламыг авах, цэвэрлэх, бөмбөгөрийн баруун талын гүүрэн гарцны зүүн талын өргөх байгууламжийн хаалганы шилийг солих чиглэлээр Хотын Ерөнхий менежерээс үүрэг чиглэл өгсөн.

Үүргийн мөрөөр бүх гүүрэн гарцнуудад угаалга их цэвэрлэгээ хийгдсэн бөгөөд 120-ын гүүрэн гарцны лифт ашиглалтад орж, бусад лифтнүүдий засвар үйлчилгээнд шаардлагатай багаж хэрэгслэлийг захиалсан ба 4 сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа мэдээтэй байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна