Иргэний гомдолын мөрөөр: Энэ хүн ээжийн минь итгэлийг олж аваад, 20 сая төгрөгийг нь залилаад аваад явсан
Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд ойр тойрны найз, нөхөд хамаатан садангууд, танил нэгнийхээ итгэл дээр дөрөөлөн хууран мэхэлж, олон сая төгрөгийн хохирол учруулах хэрэг ихээр гарах болсон билээ. Үүний нэгэн адилаар хохирогч болоод буй нэгэн эмэгтэй манай редакцид хандсан юм.
Иргэн Э нь орон сууц авах зорилготой зээл авсан бөгөөд үүний 20 сая төгрөгийг Дархан Уул аймагт оршин суудаг ээжийнхээ данс руу хийсэн байжээ. Гэтэл их хэмжээний мөнгө дансанд нь байгааг мэдсэн гэх ээжийнх нь хамтран амьдрагч Садыбалди овогтой Ансаган гэгч этгээд энэхүү мөнгийг нь бусдын данс руу шилжүүлэн аваад өдийг хүртэл ор сураггүй оргон зугтаасан аж. Ингээд түүнтэй ярьсан товч яриаг хүргэж байна.
- Сайн байна уу? Та энэ болсон хэрэг явдалын талаар бидэнд товч ярьж өгөөч?
- Би байр авах гээд Улаанбаатар хотоос ээж рүүгээ 20 сая төгрөг шилжүүлсэн байсан. Гэтэл ээжийн маань хамтран амьдрагч Садыбалди овогтой Ансаган гэгч этгээд энийг нь мэдчихсэн байж. Тэгээд ээжийг маань дарамталж, хэрүүл хийж, хамаг юмыг нь аваад явсан байна. Энэ хэрүүлээс өмнө нь мөн бүүр хутга тулган сүрдүүлж байсан гэсэн. Өмнө нь бас хотод ирээд манайд байхдаа миний Голомт банкны картыг хулгайлж байсан юм. Тухайн үед би тэгэс гээд энэ хүний талаар чимээгүй өнгөрч байсан. Тэгэхээр ийм хэрэг үйлдэх гээд эртнээс төлөвлөж байсан байх гэж бодоод байгаа.
Тухайн үед ээжийн маань данснаас мөнгө авсан гэдгийг мэдээгүй байсан. Дансны гүйлгээ хийхэд нь мессеж хариу ирдэггүй учир ямар гүйлгээ хийж байгааг нь мэдэлгүй хоёр хоночихсон байна лээ. Харин Ансаган гээд казак залуу өөр хүний данс руу мөнгө шилжүүлээд авчихсан байна.
Садыбалди овогтой Ансаган нь хамтран амьдрагч эмэгтэйдээ хутган тулган айлган сүрдүүлж дансан дахь их хэмжээний мөнгийг нь авч оргон зайлсан учир эрэн сурвалжилж байна
- Тухайн этгээд энэ их мөнгийг ямар аргаар ингээд нэг дор шилжүүлчихэв ээ?
- ХААН банкны экспресс банк гээд байдаг ш дээ, АТМ машинаар чинь өөр данс руу нэг удаад шууд 20 сая төгрөг шилждэг юм байна. Бэлэн бус гүйлгээгээр данс хооронд ингэж болдог юм байна. Би харин гайхаад банкнаас асуусан юм. Гэтэл ийм бэлэн бус гүйлгээ болдог гэж хариулсан. Тэр хүн 18.970,000 төгрөгийн гүйлгээ хийгээд авсан байсан.
- Тэгвэл тухайн хүн хэний данс руу энэ гүйлгээг хийсэн байна вэ гээд банк дээр дансыг нь шүүлгэвэл гарч байгаа биз дээ?
- Тэгсэн. Би банк дээр очоод дансны эзнийг нь олоод цагдаагийн газар байцаалт өгсөн. Тэр хүнд 500,000 төгрөг өгөөд гүйлгээ хийлгэсэн байна. Дансаараа гүйлгээ хийж өгсөн гээд авсан мөнгийг нь буцаагаад цагдаа дээр аваачиж өгсөн.
- Одоо тэгээд тухайн мөнгө авсан хүнийг цагдаад бүртгүүлсэн байгаа биз дээ. Тэгээд цагдаагийнханаас та бүхэнд ямар хариу өгч байна?
Цагдаад мэдээж бүртгүүлсэн. Энэ хэрэг чинь өнгөрсөн сарын 31-нд болсон. Гэтэл цагдаагийн байгууллагаас бидний энэ хэрэгт хангалттай сайн хөлдөхгүй байна. Бараг 14 хонож байхад олигтой ажлаа хийхгүй байгаа мэт харагдаж байна. Бидэнд бол Эрүү үүссэн гэсэн ч дорвитой алхам хийхгүй байна.
Тэр хүн Налайхад амьдарч байсан казак хүн. Гэр орныхонтой нь холбогдоод ярих гэхээр утсаа салгаад алга болчихно. Төрсөн дүү нь эхнэртэйгээ хамт амьдардаг юм билээ. Тэгээд энэ талаар бас хэлэхэд тоосон шинжгүй, ахыгаа нуугаад л байх шиг байна.
- Энэ хэрэг чинь одоо Дархан Уул аймгийн цагдаагийн газар бүртгэлтэй явж байгаа юу?
- Тийм ээ. Дархан Уул аймгийн Мөрдөх тасгийн мөрдөн байцаагч, ахмад Төгөлдөр гэдэг хүн дээр хэрэг бүртгэлтэй байгаа. Би өөрөө хотод байдаг юм. Тэгээд Цагдаагийн Ерөнхий газрын гомдол хүлээн авдаг утас гэх зэрэг газрууд руу мэдүүлсэн юм. Тэгсэн чинь манай ээж рүү энэ байцаагч нь залгаад загнасан гэсэн.
Бид ажлаа хийж байхад элдэв газар хандаж чирэгдэл учрууллаа, эсвэл миний хажууд ирж хамт ажил хийх юм уу гэх мэтээр ээжийг маань загнасан гэнэ лээ. Уг нь өөрсдийн хийх л ажил биз дээ. Тэгээд ч эзэн холбогдогч нь тодорхой байхад яаралтай арга хэмжээ авч өгөхгүй байгаа учир энэ тэнд хандаж туслаж хүсэхээс өөр алга, би гомдолтой байна.
- Одоо энэ мөнгийг нь авч зугтаасан этгээдийн талаар хаана байгаа гэх мэтээр ямар ч мэдээлэл та нарт байхгүй байна уу?
Бидэнд одоо ямар ч мэдээлэл алга байна аа. Эрүү үүсгэсэн л гэсэн, хүнээс их хэмжээний мөнгө аваад зугтаасан энэ хүнийг эрэн сурвалжилж ч байгаа юм уу бүү мэд.
Одоо бас тэр дансаараа гүйлгээ хийж их хэмжээний мөнгө гаргаж өгсөн хүнд ч бас гомдолтой байна. Дансаараа ийм хэмжээний мөнгө гаргаад өг гэхээр гайхна, үгүй ядаад айна биз дээ. Би бол тэгнэ. Гэтэл тэр хүүхэн зүгээр л мөнгө гаргаж өгөөд тэрнийхээ хөлсөнд бас мөнгө авсан байгаа байхгүй юу.
Тэр хүүхэн нь энэ талаар ядаж холбогдох газар нь мэдэгдсэн бол би өдийд мөнгөө олоод авчих ч байсан юм билүү.
- За за ямартаа ч хэргийн явц удааширч байгаад та бүхэн мөн гомдолтой байна гэж ойлгож болох уу?
Тийм. Өдийг болтол дорвиотой арга хэмжээ авч өгөхгүй байна. Хэрэв энэ этгээдийг мэддэг эсвэл харсан үзсэн хүн байвал цагдаагийн 102 дугаарт эсвэл 91119096 дугаарт мэдэгдэж тусална уу
Сэтгэгдэл бичигдээгүй байна