Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд байлдааны буудлага хийж, бэлтгэлээ хангаж байсан 311, 350 дугаар ангийн алба хаагчид дэлбэрэлтэд өртөж, хоёр нь амиа алдсан ноцтой осол гарсан.
Батлан хамгаалахын сайд энэхүү осолтой холбогдуулан тухайн өдрийн /2017.04.11/ 22.00 цагт сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулж Тавантолгойд явагдаж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургуулийг зогсоох, байлдааны галт хэрэгслэл, буудлагын зэвсэг техникүүдтэй харьцахыг цэргийн ажиллагааны стандартын дагуу явуулах, галт зэвсэгтэй харьцахаас өмнө заавал 3-5 удаа хуурай дадлага хийлгэж нэг бүрчлэн сургасны дараа ажиллагааг явуулж байх талаар үүрэг чиглэл өгсөн байна.
Түүнчлэн дээрх ослын шалтгаан нөхцлийг тогтоох үүрэг бүхий ажлын хэсгийг Батлан хамгаалахын Ерөнхий Хянан Шалгагч хошууч генерал З.Болдбаатараар ахлуулж, тус ажлын хэсгийн хяналт шалгалтын явцын дүгнэлт, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваагийн илтгэл, мэдээллийг хэлэлцжээ.
Мөн Батлан хамгаалах яамны зүгээс холбогдох газруудад ажлын хариуцлагыг сайжруулах, цэргийн сургалт бэлтгэлийг стандартын дагуу явуулах тухай тушаал, албан даалгавар, үүрэг чиглэлийг удаа дараа өгч байсан аж. Тиймээс хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад шүүх, цагдаагийн байгууллагын дүгнэлт, БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсгүүдийн дүгнэлтийг үндэслэн хатуу арга хэмжээ авах санал боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
Өнөөдрийн байдлаар шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч 3 цэргийн алба хаагч эмнэлгээс гарч, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нар энгийн тасагт шилжсэн байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна