Б.Болд хадаг яндараа буцааж авсан гэх асуудалд хариу тайлбар өглөө

2017/04/17
Монголын нийтийн дууны ертөнцөд цахиур хагалж яваа залуу дуучид, түүнчлэн сайхан хосууд гэгддэг МУСТА Б.Болд, Э.Чулуунчимэг нарыг тойрсон хов жив нилээдгүй шуугианыг араасаа дагуулаад байгаа билээ. Учир нь хосууд саяхан хоёр тийш болцгоосон юм. Энэ талаар Э.Чулуунчимэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан гэр бүлийнхээ харилцааг дэлгэж, түүнчлэн хадмуудынхаа талаар сэтгэл эмзэглүүлэм яриаг олны чихэнд сонордуулсан билээ. Харин үүнийг Б.Болд зүгээр хараад суухыг хүссэнгүй ярилцлага өгч, дараах хариуг барьжээ. 

Тэрээр: “Таван жил ханилсан ханиа, дээр нь үрийг минь төрүүлж өгсөн эмэгтэйг  би өнөөдөр ч гэсэн хүндэлдэг. Зарим үед дуугүй өнгөрөх нь хамгийн зөв хариулт болдог. “Олгой хагаравч тогойн дотроо” гэдгийн адил би эцэг хүний хувьд хувийн амьдралаа бусдад дэлгэж  охиныхоо ирээдүйд хар толбо үлдээхийг хүсээгүй. Чукагийн  хэлж ярьсан болгонд нь чулуу шидээд байвал эцсийн дүндээ охинд маань л муугаар нөлөөлнө. “Танай аав, ээж чинь ингэдэг, тэгдэг байсан” гээд л найз нөхөд нь дараа нь шоолбол муухай шүү дээ. Тиймээс би эр хүнийхээ хувьд энэ бүхний хажуугаар  чимээгүй л явсан гэх үү дээ.  Бидний л амьдрал болохоос бусдын амьдрал биш.  Бусдад сайн, муугаа ярилаа гээд юу өөрчлөгдөх үү, юу ч өөрчлөгдөхгүй.”  



Харин Б.Болд хадаг яндараа буцаасан гэх асуудалд: “Уг нь энэ тухай Чука  өөрөө ээжтэй утсаар ярьсан  яриа нь байдаг  л даа. Чука   манай ээж аавын  байранд  ирээд  “Хадаг, мөнгөн аягатай сүүг чинь  үүдний жижүүрт үлдээчихлээ шүү, аваарай ” гэж хэлээд  явсан байдаг юм. Ээж жижүүрийн өрөөнд очиход  үнэхээр л хадаг, мөнгөн аягатай сүү үлдээчихсэн байсан.  Ийм л зүйл болсон. Чука намайг сайн, муугаар хэлж болно харин, ижий аавыг маань хүртэл үүнд оролцуулж байгаад таагүй санагдаж байна.  Өнгөрсөн хугацаанд бидний амьдралд хамгийн их тусалж дэмжиж,  ар талыг хариуцаж, охиныг маань  өсгөсөн хүмүүс бол миний аав, ээж хоёр.  Тухайн үед Чука  хэвлэлд өгсөн ярилцлагууддаа хүртэл  хадмуудаа магтдаг л  байсан. Гэтэл одоо хамгийн муу хадмууд болчихоод л явж байна.  Миний аав, ээж хоёр Чукатай ам зөрж байхыг би лав харж байгаагүй. Би бусдын  аав, ээжийг ийм тийм гэхгүй. Манай хадмууд сайн хүмүүс. Төрүүлж өсгөсөн сайхан охинтой нь  би таван жил ханилж,  хөөрхөн охинтой боллоо. Ийм байтал эцэг эхэд нь  би юу хэлэх билээ” хэмээн тайлбар өгчээ. 

Э.Хүрлээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна