Аялагчдад зориулсан авто зогсоолын цогцолбор барина

2017/04/21
Сүүлийн үед дотоодын аялагчдын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотой нэлээд асуудал тулгамдах болсны нэг нь авто машины зогсоол, бие засах газар.  Хамгийн сүүлд л гэхэд Хөвсгөл аймагт болсон мөсний баярт оролцсон хүмүүс зориулалтын авто машины зогсоолгүйгээс болж далай ээжийн хэвлийг бохирдуулсан гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа билээ.

Энэ бүх асуудлыг шийдэх үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас  аялагчдын гол бүс болсон хэд хэдэн газарт авто зогсоол барихаар боллоо. Тодруулбал, Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсан толгойн хэсэгт автомашины 264, дугуйн 60, Төрхурахад автомашины 219, дугуйн 52, Манзуширт автомашины 230, дугуйн 60,  Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Мэлхий хадны орчимд автомашины 200, дугуйн 60, Зуун ламын агуйн орчимд автомашины 150, дугуйн 50, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт автомашины 400 орчим ил зогсоол барих юм байна. Зогсоол барих ажил нь цогц бөгөөд үүнд эко бие засах газар, нэгдсэн пост, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр, 24 цагийн камер, харуул хамгаалалт гээд аялагчдад хэрэгтэй гэсэн бүх зүйл багтаж байгаа юм.

Эхний ээлжинд Зайсангийн авто машины зогсоолын цогцолборыг шийдэхээр  Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран 3 тэрбум орчим төгрөгийг ИТХ-аар батлуулж, ажиллаж байна. Нийтийн авто зогсоолыг байгуулснаар тусгай хамгаалалттай газрыг хамгаалах, горим дэглэмийг мөрдүүлэх, хүн амын төвлөрлөөс үүдсэн бохирдлыг бууруулах төдийгүй аялагчдын ая тухтай амрах боломж бүрдэх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна