Залхуурлыг давж, эрч хүчтэй болох шилдэг аргууд

2017/04/22

1. Нэг удаадаа цөөн зүйлс дээр төвлөрөх.

Бид амжуулахыг хүссэн урт гэгч нь жагсаалт гаргах дуртай байдаг. Үүний оронд нэг удаадаа хийж гүйцэтгэх хоёроос гурван ажил төлөвлөх нь их ажилд дарагдсан мэт санагддаггүй. Түүнчлэн тавьсан зорилгууд биелэв болохуйц санагдах тул эрч хүчээр дутаад байдаггүй. Доор байрлах ирэх зургаан сарын зорилтын аль нь илүү эрч хүч өгч байна вэ?

Гитар тоглож сурах, ажлаа сайн хийх, гоё биетэй болох.

Гитар тоглож сурах, ажлаа сайн хийх, гоё биетэй болох, булчингаа хөгжүүлэх, сайн дуулдаг болох, хичээлдээ онц дүн авах, зургийн дугуйланд явах, өдрийн тэмдэглэл хөтлөх.

Миний хувьд хоёр дахь зорилтыг хараад живэх гэж байгаа мэт санагддаг. Хаанаас эхлэхээ мэдэхгүй. Дээр нь биелүүлж чадах эсэхээ ч мэдэхгүй.

2. Дасгал хийх.

Дасгал хөдөлгөөн бол залхуурлыг даван гарах хамгийн энгийн арга. Тухайн ажлыг хийх нь хүнд санагддаг тул залхуурдаг. Харин дасгал хийхийн тулд олон зүйл бодох шаардлагагүй байдаг. Биеэ хөдөлгөх ганц шийдвэр гаргахад л хангалттай.

Миний хувьд залхуурсан үедээ голдуу гүйдэг. Биеийн залхуурлыг дийлбэл оюун санааны залхуурал дагаад дийлддэг мэт санагддаг.

3. Дуртай зүйлсээ хийж, амрах цагийг өөрт олгох

Нэг л хамааралгүй мэт санагдаад байна уу? Залхуурлыг амарч давна аа! Гэхдээ үр дүнтэй арга шүү.

Хийх ажил маань хэцүү мэт санагддаг болохоор бид залхуурдаг гэж дээр дурдсан билээ. Амарч, дуртай зүйлээ хийх замаар өөрсдийгөө сэтгэл хангалуун болгодог. Нэгэнт сэтгэл хангалуун болсон тул том ажил, том зүйлсийг хийх хүсэлтэй болдог.

Амрах хугацаандаа эргэцүүлэх, төсөөлөх, урам зориг авч байдаг.

4. Зохион байгуулалттай болох.

Эргэн тойрны биет зүйлс бидний мэдрэмжид бас л нөлөөлж байдаг. Танай гэр эмх цэгцгүй, заваан байвал сэтгэл нэг л дарамттай байдаг. Эмх замбараагүй байдал мэдрэгдэхийн хажуугаар хийх ажлын тоонд гэр цэвэрлэх ажил нэмэгддэг тул богино хугацаанд ихийг амжуулна гэсэн бодол эргэлддэг.

Гэрээ цэвэрлэж, эргэн тойрныхоо биет зүйлсийг цэгцэлбэл аяндаа эрч хүчтэй, бүтээлч, хөдөлгөөнтэй байх сэдэл төрдөг.

Дахин дурдахад хэцүү бас таагүй ажлаас зугтах хүсэл залхуурлыг бий болгодог. Харин энэ асуудлуудаа нэг нэгээр нь шийдэж эхэлмэгц хүнд, давчуу санагдахаа больдог.

Эх сурвалж: biznetwork.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна