Бид олон жил тэвчсэн одоо үгээ хэлэх цаг болсон

2017/04/27
Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын эрхийг хамгаалах асуудлаар болон өмгөөлөгч Г.Батбаярын хууль бус үйлдлийн талаар “Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”, “Хохирогч иргэдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-ууд хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. 



Б.Галсансүх: Ганц захирлыг ажлаас нь чөлөөллөө гээд бүх зүйл засрахгүй

“Ноцтой мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Б.Галсансүх хэвлэлийн бага хурлыг нээн мэдээлэл хийлээ. Тэрээр “Манай ах дүү, хамаатан дунд хэлгүй, сонсголгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс олон байдаг. 
Тэднийг бүгдийг нь төрийн байгууллага болон хуулийн ажилтнууд доромжилж, гүтгэж, тохуурхаж байгааг би өнгөрсөн өдрүүдэд телевиз, сонин хэвлэл, цахим орчноос үзэж харж уншлаа. Би сонины эрхлэгч, шүлэг зохиол бичдэг хүнийхээ хувьд өөрийн үгээ хэлье гээд ийм хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан ТББ-уудтай хамтран үзэл бодлоо илэрхийлье гээд энэ хэвлэлийн бага хурлыг хийж байна. 

Өнөөдөр хөрөнгө мөнгөтэй хүн бүгдийг шийддэг болчихож. Энэ үед эдгээр хүмүүсийн эрхийг хамгаалах хүмүүс байдаггүй юм байна гэж сэтгэл зовж энэ хурлыг хийж байгаа юм. Юу болж өнгөрснийг өнөөдөр бид мэдэж байгаа. Өнөөдөр 29 дүгээр тусгай сургууль дээр өрнөөд байгаа үйл явдал энэ хэвлэлийн бага хурлыг хийх шалтгаан болсон. 

Өчигдөр би Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудыг нэгтгэсэн ТББ-ын захирал Р.Цэдэнбал даргатай уулзахад хэлж байсан “50 жил энэ сургуульд бугшсан бузар булай өнөөдөр тэсэрч гарч байгаа юм. Энэ бол долоо хоногийн өмнө бий болоод гарч байгаа зүйл биш” гэж. Өчигдөр 29 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлсөн гэж хэвлэлээр гарч байсан. 
Ганц захирлыг ажлаас нь чөлөөллөө гээд бүх зүйл засрахгүй. Хүүхдүүдийн тавьсан шаардлагыг ойлгохоосоо илүү бид нарыг гүтгэлээ, доромжиллоо гээд явж байгаа багш нар түүнд өдөөн турхирч байгаа өмгөөлөгч Батбаярыг юу гэж ойлгох вэ. 29 дүгээр сургуулийн сурагчид ганцхан шаардлага тавьсан. 

“Тэд хичээлээ дохионы хэлээр явуулаач. Хичээлээ ойлгохгүй байна” гэж шаардлага тавихад ийм их эсэргүүцэл гарч байна. Өнөөдөр сонсголгүй хүүхэд самбарын урд багш зогсоод уран зохиол, монгол хэлний хичээл заахад сонсохгүй байгаа хүүхэд яаж ойлгох юм бэ. Тэр уран зохиолын хичээлийг дохионы хэлээр заагаач гэж шаардлага тавьсны төлөө ийм байдалд хүрээд байгаа гэдгийг хэлмээр байна” хэмээн ярьсан юм.

О.Амаржаргал:Төр засгаас энэ асуудалд анхаарч бодлогоороо зохицуулж өгөхийг хүсэж байна

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал О.Амаржаргал “Би өнөөдөр энд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийг төлөөлөн үгээ хэлэх гэж ирлээ. Бидний өнөөдөр тавьж байгаа уриалга бол 29 дүгээр сургуулийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах бидэнтэй нэгдэж бидний хүүхдийн эрх ашгийг хамгаалах өмгөөлөгч, хуульчдыг хамтарч ажиллаач ээ гэж уриалж байна. Сонсголгүй хүн бол сэтгэцийн өвчтэй хүн биш. Миний хүүхэдтэй дохионы хэлээр л харьцахгүй бол түүнтэй ойлголцож чадахгүй. Миний хүүхэд дохионы хэлээрээ суралцаж энэ хэлээр бүх мэдлэгийг хүлээж авна. Дохионы хэл бичгийн хэлтэй хосолж байж хүүхэд чадвартай, хөгжилтэй хүн болж гарч ирнэ. Түүнээс биш багш ганцхан амаараа яриад самбар дээр цаашаа хараад яриад бичээд байвал хүүхэд ойлгохгүй. Эдгээр хүүхдүүдэд дохионы хэлээр тэдгээр үгийн утгыг тайлбарлаж өгөөд харах чадвар дээр нь дохиогоор тайлбарлаад өгөх юм бол өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдтэй адил төвшинд суралцах боломжтой. Ганц 29 дүгээр сургуулийг энд буруутгаад байгаа биш. Нийгэм даяараа төрийн бодлого байхгүй, төр зохицуулалт хийхгүй байгаа учраас ээн сургуулийн үйл ажиллагаа өнөөдөр сайжрахгүй байгаа. Ганц энэ сургуулийн багш нарыг бид буруутгаагүй. БСШУЯ, Хөдөлмөрийн яам  хамтарч байж энэ хүүхдүүдэд боловсролыг эрх тэгш олгох юм. Тиймээс төр засгаас энэ асуудалд анхаарч бодлогоороо зохицуулж өгөхийг хүсэж байна” хэмээв.



Г.Цэдэнбал: Асуудал хүндэрвэл сонсголгүй иргэд тэмцэхэд бэлэн байна

Монголын сонсголгүй иргэдийн ТББ-ын тэргүүн Г.Цэдэнбал “Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах хүний эрхийн хуулийг 2016 оны хоёрдугаар сард баталсан байгаа. Энэ хуулийн ажлын хэсэгт би орж ажилласан. Энэ хуулинд дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн гэж заалтыг оруулж хуулиар баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн. Би 29 дүгээр тусгай сургуулийг төгссөн. Одоогийн болж байгаа нөхцөл байдал ч гэсэн өмнө нь байсан. Бид олон жил тэвчсэн. Одоо болсон үгээ хэлэх цаг болсон. Сонсголгүй хүмүүс эрхтэй учраас энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байгаа.
50 жилийн түүхтэй энэ сургууль сонсголгүй хүүхдийг дарамталж, сэтгэлийг нь эмзэглүүлж байсныг хараад сэтгэл урагдаж байна. 14-хөн хүүхэд дохионы хэлээр хичээл заагаач ээ гэж хэлснийхээ төлөө 60 гаруй багш нар өмгөөлөгч Батбаярыг хөлсөлж авч хүүхдүүд рүү дайрч байгааг гайхаж байна. Хүүхдүүд эрх ашгаа хамгаалахын тулд ийнхүү хэлсэн. Хүүхдүүдэд ямар ч буруу байхгүй. Багш нар хүүхдүүдийн үзэл бодлыг сонсоод хүлээн зөвшөөрч уучлал гуйн ажилдаа ахиц гаргана гэж хүлээж байсан. Гэтэл ийм зүйл болсонгүй. Тэдний эсрэг турхирлаа. Тиймээс бид энэ цөөхөн хүүхдийг өмгөөлөх хэрэгтэй байна. Хуульч, өмгөөлөгчдийг бидэнтэй хамтарч ажиллахыг хүсэж байна. Батбаяр гэдэг өмгөөлөгч өөрөө хууль бус үйл ажиллагаа хийгээд байна. Тэрээр сонсголгүй хүүхдийн эрх ашгийг хөндөж ажиллаж байгаа нь зохисгүй үйлдэл. Тэрээр эхлээд хүүхдүүдтэй ярилцан тэдний нөхцөл байдлыг судлахгүй шууд яагаад багш нарын эрх ашгийг хамгаалж байгаа юм бэ. 29 дүгээр сургуулийн захирлыг халлаа гээд энэ асуудал шийдэгдэнэ гэж бид үзэхгүй байна. Нийгэмд сонсголгүй хүмүүсийн дарамталдаг, хүчирхийлдэг, эрх ашгийг нь зөрчдөг маш олон үйл ажиллагаа явагдаж байна. Энэ нөхцөл байдлыг хараад сонсголгүй хүмүүс сэрэх цаг болсон. Бид дарамтлагдаж өнгөрсөн одоо тэмцэх цаг болсон. Ийгл телевизийн сэтгүүлч У.Болортуяа энэ нэвтрүүлгийг хийн үнэнийг цацсанд бид маш их баяртай байна.

Сонсголгүй 12600 иргэний төлөө эрх ашгийг нь хамгаалах дуу хоолой болж зөв нэвтрүүлэг хийсэнд би баяртай байна.
Боловсролын яам боловсролын энэ системийг өөрчилж, сайжруулаач гэж хүсэж байна. Ирээдүйд 29 дүгээр сургуулийн захирлын сонсгон шалгаруулалтдаа сонсголгүй хүнд давуу эрх олгохыг хүсэж байна. Бидний санал бодлыг сонсож, оролцуулж шийдвэр гаргах хэрэгтэй. Цаашдаа сонсголгүй хүмүүсийг сэтгэцийн өвчтэй тэнэг мал гэж доромжлохоо больцгоо. Бид мал биш, тэнэг биш. Бид хүн, ганцхан сонсголгүй болохоос биш бүхнийг хийж чадна, харж чадна. Хэрвээ өмгөөлөгч Г.Батбаяр энэ үйлдлээ зогсоохгүй бол бид цаашид тэмцлээ хурц хэлбэрээр өрнүүлнэ.
Батбаяр аа чи “Би төлбөрийн чадваргүй хүмүүсийг үнэ төлбөргүй өмгөөлж байна” гэж хэлэхээсээ та ичээч. Жинхэнэ төлбөрийн чадваргүй хүмүүс чинь тэр 29 дүгээр сургуулийн хүүхдүүд байна. Асуудал хүндэрвэл сонсголгүй иргэд тэмцэхэд бэлэн байна” хэмээн онцлон хэлэв.

М.Ганбаатар: Боловсролын яамнаас сонсголгүй хүний хөгжих орчин сайжирч байна гэж худлаа судалгаагүй зүйл ярьж байна.

Дохионы хэлний хөгжлийн зөвлөлийн тэргүүн н.Ганбаатар "30 хоногийн хугацаанд сонсголгүй хүн дохионы хэлээр асуудлаа илэрхийлсэн үйл явдлын гэрч боллоо. Боловсролын яамнаас сонсголгүй хүний хөгжих орчин сайжирч байна гэж худлаа судалгаагүй зүйл ярьж байна.
Дохионы хэл бол миний хэл мөн. Би хүмүүстэй дохионы хэлээр харилцаж байна. 
Хүмүүстэй харилцахад хүүхдүүд маань дохионы хэлээ мэдэхгүй байна. Зүрх сэтгэл минь өвдөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд сонсголгүй хүний хэл дохионы хэл мөн гэж заасан.
Монгол Улсын хэмжээнд дохионы хэлний хуулийг  санаачлаач ээ гэдэг зүйлийг УИХ-д хүргэж байна. Тусгай хэрэгцээт боловсролын системийг өөрчлөөч. Боловсролын яам, Нийгмийн хамгааллын яаманд журмыг яаралтай гаргахыг хүсэж байна.
29 дүгээр сургуулийн хүүхдүүд шаардлага гаргаад 30 хоног боллоо. Түүнийг яагаад авч хэлэлцэж хариу өгөхгүй байгаа юм бэ.
Сонсголгүй хүн сэтгэцийн өвчтэй хүн биш" гэлээ.

Мөн хэвлэлийн бага хуралд оролцогч “29 дүгээр сургуулийн багш нар өөрсдөө мэргэшсэн байх ёстой. Яагаад бид хүүхдийн хөгжиж дэвших боломжийг дэмжиж болохгүй байгаа юм бэ. Энэ бол удирдлагын менежмент, багш нарын буруу. Өнөөдөр сонсголгүй хүүхдийн тухай зүйд нийцэхгүй зүйл ярьж байгаад дургүй хүрч байна. 29, 16 дугаар сургуулийг мэргэжлийн хүн удирдах ёстой. Тэр дохионы хэл сурдаггүй багш нарыг өөрчлөх ёстой.

16 мянган хэлгүй иргэнийг сэтгэцийн өвчтэй гэж байгаа үг үү. Зохих байгууллагаар нь үүнийг шалгуулмаар байна. Ийм бодолтой хүмүүс 29 дүгээр сургуулийг удирдах ёсгүй. Боловсролын яаманд тусгай боловсрол олгох хэлтэс байгуулан түүнийг мэргэжлийн хүн удирдах ёстой. Хүний эрхийг зөрчиж байгаа ноцтой асуудал байгаа учраас би өнөөдөр энд ирлээ. 29 дүгээр сургуульд сэтгэл засал, согог зүйч зэрэг тусгай мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байдаг юм шүү.

Хэвлэлийн бага хурлын төгсөлд Б.Галсансүх: Өмгөөлөгч Г.Батбаяр 149.1-ээр ял шийтгэгдэх гэж байгаад Өршөөлийн хуульд хамрагдаад хэрэг нь хүчингүй болж байсан хүн

Б.Галсансүх 29 дүгээр сургуулийн захирал, багш нарын тал өмгөөлөл үзүүлж буй өмгөөлөгч Г.Батбаярын тухай “Энэ бусармаг үйлдэл, багш нарын гүтгэлгийг өмөөрөөд явж байгаа өмгөөлөгч Г.Батбаатар гэж хүн тэрхүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс эв эеэр асуухын оронд дарамталсан байна лээ. Энэ бусармаг үйлдлийг өмгөөлөн багш нарыг өмгөөлөөд явж байгаа Г.Батбаяр 149.1-ээр ял шийтгэгдэх гэж байгаад Өршөөлийн хуульд хамрагдаад хэрэг нь хүчингүй болж байсан хүн. 149.1-д бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэдэг хэрэг багтдаг. Тэрээр АТГ байцаагдаж байсан нэг хүн өмгөөлөгч Г.Батбаяр өмгөөлөөд, түүнд АТГ-ын байцаагч олон сая төгрөг өгөхийг шаардаж  байна гэж хэлээд би өгөөд ирье гэж тэрээр өмгөөллийн хөлснөөсөө гадна мөнгө аваад АТГ-ын байцаагчийн өрөөнд хэсэг хугацаанд байж байгаад гарч ирэхдээ мөнгө өгчихлөө гэж хэлсэн. Нөгөө шалгагдаж байсан хүн хэрэг хийгээгүй учраас хэрэг нь хэрэгсэхгүй болоход АТГ-ын байцаагчид өгсөн мөнгөө буцааж авъя гэж хэлэхэд тэрээр байцаагчид нэгэнт мөнгө өгсөн авч болохгүй гэхэд нөгөө хүн АТГ-ын байцаагчтай уулзахад тэрхүү байцаагч мөнгө аваагүй гэдгээ хэлэн өрөөнийхөө камерын бичлэгийг үзүүлснээр энэ өмгөөлөгч Г.Батбаярт хүний мөнгө залилсан хэргээр эрүүгийн хэрэг үүсэн  байдаг. Энэ бол 2015010000100 гэсэн Эрүүгийн хавтаст хэрэгтэй. Би үүнийг зохиож яриагүй, Цаашдаа энэ эрүүгийн хавтаст хэргийг задалж ярих болно.

Мөн 2011 оны долоодугаар сарын 31-нд Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 99.1 зүйл ангиар буюу бусдын биед гэмтэл учруулсан зүйл ангиар хэрэг үүсгэгдэж явж байгаад өршөөлд хамрагдсан хүн. Гэмт хэрэг хийж явсан хүн өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг доромжилж цагдаад шалгуулж байгаа нэрийдлээр аваачиж тэр хүүхдүүдийг дарамтлаад байж байна.

Монгол Улсын Өмгөөлөгчдийн холбоо, хуульчдын холбоо, прокурорын байгууллага өмгөөлөгч хийж байгаа хүмүүсээ анхаарч, хариуцлага тооцооч гэж хэлмээр байна” гэсэн юм.  

Т.Очир


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна