Л.Мөнхбаясгалан: Салбараа цэвэрлэж ариутгаж авмаар байна шүү дээ

2017/04/28
УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын Зөрчлийн тухай хуульд оруулсан иргэн, аж ахуй нэгжид оногдуулах торгуулийг нэмэгдүүлэх горимын саналаас үүдэж монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд өнгөрсөн хоёр өдөр эсэргүүцэл үзүүлж, “Иргэдийн мэдэх эрхэд аюул учирлаа” хэмээн эсэргүүцэл үзүүлсэн юм.

Тэгвэл сэтгүүлч Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийлж, Зөрчлийн тухай хуулийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Тэрбээр энэ талаар:

“БИ СЭТГҮҮЛ ЗҮЙД ХАЙРТАЙ УЧРААС ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

Би 20 жил энэ салбарт ажилласан. Сайн муу бүгдийг нь мэднэ. Яагаад гэвэл өөрөө биеэрээ туулсан учраас. Харин Зөрчлийн тухай хуулийн хувьд би салбараа сөрж байна. Тиймээ, би сэтгүүлчдийнхээ эсрэг байр суурьтай байна. Яагаад.... Энэ хууль батлагдвал магад хамгийн түрүүнд би өөрөө унана. Үүнийгээ ч мэднэ. Гэхдээ өөрсдийн хувийн эрх ашгаас илүү бусдын эрх ашгийг хүндлэх ёстой. ХҮНИЙГ ГҮТГЭЖ БОЛОХГҮЙ. ГҮТГЭЛЭГ ГЭДЭГ ХАРДАХ ЭРХ БИШ. МЭДЭХ ЭРХ Ч БИШ... Сэтгүүлчид яагаад өнөөдөр муу нэртэй байдаг вэ гэхээр бидний зарим нь мөнгө аваад захиалгаар хүнийг гүтгэдэг... Дарга тэгж би ч гээд байхад бичихгүй байж болдоггүйн зовлон олон сэтгүүлчид тулгарч байгаа.. Үүнээс салахын тул энэ хууль хэрэгжих ёстой. Тэр захиалга өгөөд байгаа дарга чинь 100 саяар торгуулахгүйн тулд чамд дарамт захиалга өгөхөө болино... Нөгөө талаас сэтгүүлч бид хариуцлага хүлээж сурья. Сэтгүүлч гэхээрээ л хариуцлагаас хол, юу ч хийж болдог балмад байхын нэр биш.. Салбараа цэвэрлэж ариутгаж авмаар байна шүү дээ. Иргэдийн үнэнийг мэдэх эрхийг үнэн бодит мэдээллээр хангадаг болохоос гүтгэлэгээр хангадаггүй. Намайг юу л гэж бодвол бод. Би энэ удаа салбараа сөрж байна. Би МАН-д хайтайдаа, Гарамжав гишүүнд дурласандаа биш СЭТГҮҮЛ ЗҮЙД ХАЙРТАЙДАА, 20 ЖИЛ АЖИЛЛАСАНДАА хүний нэр төр адар хүндийг гүтгэлгээс хол байлгах талд гараа өргөж байна.... Өршөө намайг, сэтгүүлчдээ” хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна