Бороо...

2017/04/29
…Тэнгэрт хуралдсан бараан үүлсээс газарт гэнэтхэн аадар асгарах нь миний ганцаардсан сэтгэлийн нулимс шиг. Тэртээх холоос сүүмэлзэх бараа аадрын дараа тодрон харагдах нь миний сэтгэлийн тайвшрал шиг. Тэнүүн талд гэнэт солонго нумран хөвчилж хүүхдүүдийн сэтгэлийг гижигдэж хөөцөлдүүлэн тоглох нь миний тайтгарсан сэтгэлийн нулимстай инээмсэглэл шиг.

Тэнд ч энд ч бүжинхэн бор туулай дэгдэн харайх нь миний тогтож ядсан сэтгэлийн сарниан шиг. Уулын голын хүчит давалгаа хамгийг урсан одох нь миний сэтгэлийн долгилсон давалгаан шиг. Уужирч нэгэнтээ амьсгаа авч ертөнцийн зовлон жаргалын харгалдааныг сэтгэлдээ эргэлдүүлэн бодлогоширох нь миний амьд яваагийн утга учир шиг. Ухаарлын учигт бодлын зүү сүвлэн амьдралын эрээн барааныг жаргалын гэрэл гэгээтэй сүлэлдүүлэн зангидах нь миний амьдралын зовлон жаргалын дэнс шиг.

Бороон дундуур бүгээн морьтой зочин уяан дээр бууж үүд сөхөн орж ирэхэд богширсон гаансны соруулдаа амьдралын утааг нэрэн суух өвгөний харц ухаарал мэт. Борооны дараа өрхөө даялан татсан бүсгүй гал дээр буцалсан цайг өндөрт өргөн сүүгээр сүлж самрах нь миний сэтгэлийн мөрөөдлийг тэнгэрт сацалж ерөөх мэт. Бодол дунд минь бөн бөн дуслах дарсных шиг чимээ бүүр холын мөрөөдөлд намайг согтоон халамцуулах мэт.

“Бороо намдлаа шүү” гэж цээл хоолойгоор бүсгүй хүн уянгалуулан хэлэх нь бодлын манан дунд “Уяхан замба тивийн наран” г найран дунд эгшиглүүлэх мэт. Айлын бүсгүй аргал хормойлон орж ирж дөрвөлж дээр асган хормойгоо гүвэх нь миний сэтгэлийн дэвсэг мэт. Алагхан нүдээрээ аалигүйтэн талимаарч зүүн хатавчинд сөгдөн суух нь миний мөрөөдлийн дагина мэт. Алдарсан зүрхний цохилоонд бүсгүй заяа ганхан бүжиглэх нь амьдралын жаргалтай аялгуунд хөг нэмэн дуурсах мэт.

Цонхны шилэнд духаа нааж борооны үсчих дуслуудыг харан зогсох нь миний сэтгэлийн шаналалын илэрхийлэл лугаа. Цохлоод ирсэн үйлийн үрийг эр зоригоороо туулж давах нь миний л сонгосон тавилан лугаа. Цохилох зүрхнийхээ чанадад бүсгүй чамайг аргадан сөхөрч гарыг тань зөөлхөн илбэх нь миний л дурлалын  илчлэл лугаа. Цовоо цойлгон инээдэн дунд тань сэтгэлдээ уярч хайрлан өхөөрдөх нь миний хайрын асч бадамласан хайрын гэрэл лугаа.

“Би чамд чин зүрхнээсээ хайртай” гэж хэлэхийг хүсч түмэн зовлон, мянган бэрхшээлийг даван байж чиний өмнө сөгдөн хуруунд тань хуримын бөгж зүүлгэхийг хүсэх лугаа. “Бидний амьдрал болно доо болно” гэж өөрийн чинээндээ хүртэл  хийж чадах бүхнээ хийх эрмэлзлэл лугаа. Бид бие биенээ чин зүрхнээсээ хайрлавал энэ тэнгэрт бараан үүлс хуралдаж , тэндээс аадар асгарч, тэрний дараа наран мандаж солонго татаж байвч “бидэн хоёр огтоос ажрахгүй” гэх итгэл лугаа.

Бороо зөөлхөн дусална, бодлын минь хирийг урсгалдаа хаман урсана. зүгээр л бие биендээ чин сэтгэлээсээ дурлаж, зүрх сэтгэлээсээ дурлаж, зүрх сэтгэлээсээ хайрлаж байвал бусад ямар хамаа байна гэж?

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна