Хоёр талтай "Гүтэлэг"

2017/04/29
...УИХ-аар хэлэлцэгдэх гэж байсан "Зөрчлийн тухай" хууль тойрсон маргаан мэтгэлцээн сошиалд өрнөж байна. Алив зүйлийг зөвхөн нэг талаас нь хараад дүгнээд байвал буруутгаж маргалдах шалтаг заавал гардаг. Ямар нэгэн асуудал дээр нэг талыг барьж туйлширдаг, үүний улмаас маргалдаж бие биеэ хараан зүхэж талцдаг үзэгдэл даамжирсаар. Харин шийдлийн хувьд нэгдсэн ойлголцолд хүрч чаддаггүй нь монголчууд бидний муу чанар төдийгүй бусад хүмүүс зорилготойгоор ашиглах боломж нь болдог. Хэдийгээр би сэтгүүлч биш боловч, өөрийн санаа бодлоо нэмэрлэхийг хүслээ.

СЭТГҮҮЛ ЗҮЙН ТАЛААСАА:

1. Монголын олон хэвлэл мэдээллийн байгууллагууд улстөрчдийн мэдэлд байдаг төдийгүй, үүнийгээ улстөрийн сонгуульд бие биенээ гүтгэхэд ашигладаг нууц биш. Энэ шалтгаанаар "Хэвлэлийн эрх чөлөө" хязгаарлагдмал байгаа нь ч үнэн.

2. Олон сайн сэтгүүлчид нийгэмд зөв мэдээлэл өгөхийг хичээдэг боловч олон муу сэтгүүлчид бусдын захиалгаар, гүтгэлгийн чанартай, хар бараан зүйлс бичдэг нь нууц биш. Энэ шалтгаанаар сэтгүүлчдийн үнэлэмж буурч, хүмүүс тэдэнд итгэхгүй байгаа нь ч үнэн.

3. Сонгуульд ялсан улстөрийн нам, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай "Хаалтын гэрээ" байгуулж, улс орны нийтлэг эрх ашгаас урвасан, хууль бус муу үйлдлүүдээ олон нийтэд мэдээллүүлэхгүйгээр "үгсэн хуйвалдаж" байгаа нь нууц биш. Энэ шалтгаанаар нийгмийн буруу тогтолцоо бий болж, бид бухимдан тэмцэхийг хүсч байгаа нь ч үнэн.

УЛСТӨРЧДИЙН ТАЛААСАА:

1. УИХ-ын гишүүн Гарамжав, "Хэвлэл мэдээллийн байгууллагуудад" шударга ёсыг тогтоон, хариуцлагын шударга тогтолцоог бий болгохын төлөө энэ заалтыг оруулсан гэж бодохгүй байна. Зүгээр л тэд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг айлган дарамтлахыг хүссэн байх.

2. Хууль бус үйлдлүүд нь болон хариуцлагагүй замбараагүй байдал нь даамжирсанд тэсвэрээ алдсан сэтгүүлчдийн зөв мэдээллүүд өнөөгийн улстөрчдийг "айлгаж" бас "залхааж" байгаа болохоор тэд өөрсдийгөө хуулийн ийм заалтаар хамгаалахыг хүсч байгаа. Тэд ийм байдлаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудын эздийг хязгаарлахыг хүсч байж ч болох юм.

3. Хууль хэрэгжүүлэх байгууллагуудын удирдлагуудыг тэд томилдог болохоор, хуулийн ийм заалтыг улстөрчид өөрсөддөө ашигтай байдлаар ашиглаж чадна. Өөрөөр хэлбэл бие даасан, хараат бус хуулийн тогтолцоо бүрдээгүй цагт хүмүүс хуулийн шударга хэрэгжилтэд итгэхгүй байгаа төдийгүй, хууль зөвхөн улстөрчдөд үйлчилнэ хэмээн хардаж байгаа хэрэг.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛ?

-"ГҮТГЭЛЭГ" гэж юу юм бэ? "ГҮТГЭСЭН" гэдгийг хэн, хэрхэн нотлох вэ? "ГҮТГҮҮЛЭГЧ"-ийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ? гэсэн олон асуудлуудад нухацтай, бодитой хандах хэрэгтэй болж байна. Энэ хуулийг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдээр ч хэлэлцүүлэх шаардлагатай болно. Энэ хууль хэрэгтэй хууль боловч яг өнөөдөр цаг нь болоогүй байна хэмээн харж байна л даа. Сайн хөрсөн дээр ургасан хууль, бусдаас өшөө авах шалтгаан болохгүй байх.

-Энэ асуудал дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж чадсан шигээ, "Хэвлэл мэдээллийн байгууллагууд"-ын бие даасан байдал, хэвлэлийн эрх чөлөө, хариуцлагын асуудал дээрээ анхаарч өөрчилбөл юутай сайн сан. Яг үнэндээ одоогийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад сайн стандарт тогтоон мөрдүүлж чадвал, 5-8 ТВ болон Медиа групп л оршин тогтнож үлдэнэ дээ. Ийм шаардлага ч буй болжээ. Тэд ч аажимдаа төрөлжин, өөр өөрсдийн хэрэглэгчтэй болж чадна.

-Улстөрчид ч, сэтгүүлчид ч буруу муу үйлдлийнхээ төлөө ав адилхан ХАРИУЦЛАГА хүлээдэг байх тогтолцоо руу бид хүссэн ч хүсээгүй ч явна. Өөр зам бидэнд үгүй. Ийм хариуцлагын тогтолцоо бий болсноор нийгэм эрүүлжих тийшээ хандаж, хүмүүс ч бие биенээ гүтгэн доромжлох нь багасах болно. 

Сүүлийн үед олон асуудлууд дээр сэтгүүлчид сонор соргог байж, өөрийн санаа бодлоо зоригтойгоор илэрхийлж байгаа нь сайн хэрэг. Энэ чинь иргэдийн идэвхи урмыг сэргээх эхлэл болж байгаа. Ер нь алив зүйлийг нэг талаас нь бус олон талаас нь үгүйдээ л хоёр талаас нь харьцуулан дүгнэж байх нь зөв хариу, шийдэл олохын баталгаа мөн. Хичнээн муугаар харж байвч урагшаа алхаж байгаа болохоор бүх зүйлс сайн тал руугаа өөрчлөгдөж байгаа. Гэхдээ энэ бүхэн миний л хувийн бодол юм шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна