Бид ялаагүй буюу Тусгаар тогтнолгүй МОНГОЛ

2017/05/09

Ялалт бол ялалт. Ялалт бас тусгаар тогтнол. Ялалтын баяр бидэнд тусгаар тогтнох боломж олгосон бол ТӨГС ялалтанд хүргэх зорилгынхоо төлөө бид харах нүдээ цавчихгүй, цохилох зүрхээ ч зогсоох эрхгүй юм. Москва хотын Хүндэтгэлийн ууланд монгол морины хөшөө залагдсныг сонсоод, ямар ч байсан бид Оросын ой санамжнаас арчигдчихаагүй байгаа юм байна хэмээн баярлаж байна. Тийм ээ? Ямар их аз вэ? Орос хэлээ мартаж, хятад хэлнээс бэрхшээж, англиар ярьж, дэлхий ярих бид Эрээн, Хиагтын хилийн шалган дээр л ХЭН БИЛЭЭ гэдгээ ойлгодог. Тийм ээ? Бид Хуучин хүү шиг ”хөмөрсөн харанхуй тогоо”-ндоо л байгаа. Өөрчлөгдсөн зүйл гэвэл зөөгчийн англи хэлээр л ярьдаг болсон.

Ялалтын баяраар л бид хөөрч дэвэрч, Тусгаар тогтнолоо нэг ярина. Ямар нэгэн сонгууль дөхөхөөр, ”цээж өвч”-тэй намын угаадас долоосон хэдэн нөхөд амаа цангатал ярина. Бусад үед нь наадам хийж, морь уяна. Уучлаарай энэ улс чинь ШИНЖЛЭХ УХААН-тай улс шүү дээ. Яагаад эрдэмтэд нь өөрсдөө ярьдаггүй юм бэ? Яагаад ГҮҮГЛ ТРАНСЛЕЙТ хэрэглээд, хөршүүд болон дэлхий Монголын тусгаар тогтнолыг хэрхэн үздэгийг олоод үзчихэж болдоггүй юм бэ? Энэ нэг юм хэлээд байна.

Доктор Дуламын Бумочир бол монголын нийгмийн шинжлэх ухааны ”барууны манлай”. Тун удахгүй англи хэлээр энэ сэдвээр нэгэн даацтай өгүүлэл хэвлүүлнэ. Хүлээгээд л байна. Манийгаа бодвол шинжлэх ухааны англи хэлээр бичдэг. Нуруу нугас хамаагүй илүү л дээ. Тун удахгүй Антрополгийн шинжлэх ухаан манай тэргүүлэх салбар болон хөгжинө. Зовхи нь өөдөө ширхэг нь босоо залуучууд антропологи руу хошуурч байна. Даргад таалагддаг. Даргын хүслээр судалгаа хийдэг салбарууд ч тэгсгээд газрын хөрснөөс арчигдах биз. Нийгмийн шинжлэх ухаанаар ажилладаг судлаачид ч ТУСГААР ТОГТНОЛ-ын төлөө дуу нэгдэн, хүчтэй дуугардаг тэр цаг үеийг удахгүй үзнэ хэмээн боддог.

Яагаад ч юм өнгөрсөн 12 сараас эхлээд БНХАУ Монгол улсыг 1946 оны 1-р сард Хятадаас салж тусгаар тогтносон гээд бичээд эхэлсэн. Далай ламын айлчлалтай давхцан хийсэн өөрчлөлт хэмээн үзэж байгаа ч, гэм буруу нь ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өгсөн нэгэн бэлэгтэй холбоотой хэмээн үзэж байгаа ч хэсэг бий. Ямар ч байсан бид урд хөршийн үзэж байгаагаар 1921 оноос биш 1946 оноос салсан болж, тусгаар тогтнолынхоо 25 жилийг хасуулав. 

Хэрвээ тийм бол 1989 онд Монгол улсаас Оросын цэрэг гарсан цагаас эхлэн бид тусгаар тогтножээ хэмээн үзэх хэсэг ч гарч ирж байна. Энэ бол бас нэг бодлын бодох л асуудал. Энэ л Ардчилсан хувьсгалын үнэ цэнэ. Амин сүнс нь юм бол бидэнд тусгаар тогтнолын 28 жилийн түүх л байгаа хэрэг. 

Эрдэмтэн бүхэн уралдаж, ухаан бүхэн чөлөөтэй дэлгэрч байгаа энэ цагт нэг хэсэг нь ”капитал бол Монголын тусгаар тогтнол” хэмээн нилээн үндэстэй дуугарч эхэллээ. Хэрвээ тийм бол өнгөрсөн сонгуулиас эхлээд бид нилээн тусгаар тогтнолын тухай өөр ойлголттой болжээ. Капитал бол тусгаар тогтнол юм байна гэдгийг саяхан гарсан ”Бүрэн зураглал”-аас харлаа. Сангийн сайд нь улайм цайм өөрийн хувийн бизнесээ өргөжүүлж, төрийн бүх албыг яг НАРАНТУУЛ шиг зарж, тэтгэвэрийн насыг уртасгаж байгаа бол юу вэ? КАПИТАЛ. Харин бид дахиад сонгууль хийх гэж байна. Яг манай одоогийн улс төрийн нөхцөл байдал дотоодын хямрал тэмцээсээ болон 1959 онд Төвд үүрд тусгаар тогтнолоо алдсан нөхцөл байдалтай туйлын төстэй болж ирж байх жишээтэй. 

Харин хариултыг би антропологчид буюу хүн судлаачид өгөөсэй хэмээн бодож байна. Тэдний сүүлийн үед хийж байгаа судалгааны үр дүн, ном, өгүүллүүд маш чанартай болж байна. Тэдний судалгааны үр дүн англи хэлээр гадаадад хэвлэгдэж, харин бид энд хундага тулгаж, Ялалтын баяр тэмдэглэж, хайран цаг хугацааг дэмий өнгөрөөхөөс хэтэрч байгаа юм алга. Бид одоо эрдэмтэддээ шинжлэх ухаандаа хөрөнгө оруулах цаг иржээ. Хөрөнгө оруулбал АНТРОПОЛОГИ руу л оруулах. 

Өнөөдөр Ялалтын баяр ч харамсалтай нь бид ялаагүй л байна. Гашуун нулмисаа л хүртэцгээ дээ. Ингэхэд бидэнд ТУСГААР ТОГТНОЛ байна уу үгүй юу?

Судлаач Г.Нямочир



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна