Д.Мөнхжаргал: Эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнес эдийн засагт ая тухтай байдал бий болгодог

2017/05/26
Баянгол дүүргийн НАМЭХ-ноос санаачлан “Эмэгтэйчүүд ба эдийн засаг”  анхдугаар чуулганыг хоёр өдрийн өмнө Төрийн ордонд зохион байгуулсан. Тус чуулганд  Баянгол дүүрэгт  үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг эмэгтэйчүүд, тус дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, А.Ундраа нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Д.Мөнхжаргал, БГД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч Баярмаа,   УИХ-ын гишүүн Б.Ундармаа,  Баянгол дүүргийн засаг дарга асан Л. Амгалан, Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Атармаа нарын  хүндэт зочид оролцсон юм.  

Энэ үеэр Баянгол дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч Д.Мөнхжаргалтай цөөн хором ярилцлаа. 

-Таны хувьд Баянгол дүүргээс иргэдийн хуралд сонгогдсон төлөөлөгч.  Баянгол дүүргийн тухайд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдсан,  нэн түрүүнд шийдэх  шаардлагатай  асуудлууд юу байна?
 
-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хувьд эхний ээлжинд ажлын байр чухал асуудал байдаг юм байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хоёр бизнесийн инкубатор төв баригдаж байгаа. Энэ онд ашиглалтад орохоор бид бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ ажлын байр буюу үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах стандарт хангасан ажлын талбараар  хангах боломж бүрдэнэ. Эмэгтэйчүүд маань ихэнхдээ  амьдардаг байр, подваль, хувийн байшиндаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг.

Энэ нь оршин суугчдын аюулгүй байдлыг алдагдуулах, эрүүл ахуйн хувьд шаардлага хангахгүй байх  тохиолдол гардаг юм байна. Тиймээс нэн  тэргүүнд Баянхошуу болон долоон  буудалд байрлах Бизнес инкубатор төвд байрлуулах ажилд анхаарал хандуулж байна. 

Хоёрдугаарт бүтээгдэхүүнээ худалдаалах сүлжээ  байдаггүй гэх асуудал.  Монголын хэв маягийг шингээсэн үндэсний брэнд бүтээгдэхүүнийг бий болгоё гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд  үндэсний хэв шинжийг агуулсан гар урлал, эсгий урлал, эко бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж   байна.  Гэвч  бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байна. 



Тиймээс аялал жуулчлал хөгжиж буй  газруудад худалдаа эрхлэх боломжийг нь хангах асуудлыг ярьж байна.  Тухайлбал, эдийн засгийн коридор болж буй   Эрээн зэрэг чөлөөт бүсүүдэд худалдаа эрхлэх боломжийг хангаж өгвөл үйл ажиллагаа өргөжих боломжтой. 

Цаашдаа  хөнгөлөлттэй, дунд,  урт хугацааны зээл, санхүүжилтын  асуудал гээд  таатай нөхцөл бий болгох шаардлагатай ажлууд бий. Эдийн засгийн өсөлт  эхний жилүүдэд 4.3 хувьтай байна. Дараа жилээс 5.6- 8.9 хувь хүрэх хандлагатай гэж үзэж байна. Тиймээс татварыг бүрдүүлж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, иргэдэд бизнест ээлтэй орчин бий болгохын  төлөө ажиллана.  

 -Баянгол дүүргийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн цар хүрээ ямар түвшинд байна вэ? 

- Маш олон төрлийн бизнес эрхэлж буй эмэгтэйчүүд байна.  Бүр эрэгтэйчүүдийн эрхэлдэг бизнесийг хүртэл хийж байна.  Машин тэрэг засдаг, авто засварын төв  нээгээд өөрөө ажиллуулдаг эмэгтэйчүүд ч бий.  Баянгол дүүрэг нийслэлийн төсвийн нэлээдгүй хувийг  бүрдүүлдэг. Энэ утгаараа зөв бодлого барьж ажиллавал Баянгол дүүрэгт  бизнес эрхлэх боломж  харагдаж байгаа.

Эмэгтэйчүүд маань дотоодын нийт бүтээгдэхүүн болон бизнесийн хөрөнгө оруулалтын эргэлтийн томоохон хувийг эзэлдэг бизнес  эрхлэх нь  ховор. Ихэвчлэн боловсрол, эрүүл мэнд, гар урлал, худалдаа үйлчилгээний  салбарт  бизнес эрхэлдэг. Эдгээр салбаруудад  ажлын байрыг олноор бий болгодог гэсэн үг.  Улсын төсөвт хэдэн тэрбум төгрөгийн татвар төлөхгүй ч эрхэлж буй бизнес нь ажлын  байр бий болгож нийгэм эдийн засагтаа хэд дахин илүү үр ашигтай, ач холбогдолтой байдаг.

Жишээ нь хувийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг, үйлчилгээний салбар ашиг орлого багатай ч олон  хүнийг ажлын байраар хангаж, эргээд нийгэм засгийг ая тухтай байдалд оруулдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд маань урт хугацаанд ирээдүйд хөрөнгө оруулахуйц түвшинд ажилладаг. Тиймээс хэдий хэмжээний ашиг олж, татвар  төлж байгаагаар нь бус хэдэн хүнийг ажлын байраар хангаж, эдийн засагт таатай нөлөө үзүүлж байна вэ гэдгийг харгалзан бодлогоо чиглүүлэх хэрэгтэй гэж боддог. 

Ж.Ганбаатар: Бизнесийг бичил, жижиг, дунд, өрсөлдөх чадвартай гэж ангилах санаачлага гарсан 



Чуулганд оролцогчдод хандан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар  бизнес эрхлэгчдэд хамааралтай хууль эрхзүйн таатай  орчныг бүрдүүлэх чиглэлд хийж буй ажлаасаа танилцуулсан. Түүний хувьд  Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг санаачлан хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа.  

Тэрбээр энэ үеэр  “Жижиг дунд үйлдвэрийн тухай  хуулийн шинэчилсэн  найруулгын төслийг  санаачлаад  Ажлын хэсгийг ахлан  ажиллаж байгаа. Олон нийтийн зүгээс хуулийн яг ямар заалтыг  өөрчлөх вэ гэдэг асауулт тавьдаг.  Өнөөдрийн хуулиар жижиг, дунд гэдгийг нэг хууль нэг бодлогоор зохицуулж байгаа. Үүнийг манай ажлын хэсэг бичил бизнес, жижиг бизнес, дунд бизнес, өрсөлдөх чадвартай бизнес гэж дөрөв ангилж байна.  

Өрсөлдөх чадвартай бизнест нь жижиг, дундын хуулинд хамаарагдахгүй. Өөр хуулиар зохицуулагдана. Бичил бизнесийг хуулиндаа юу гэж томъёолох гэж байгаа вэ гэхээр 1-9 хүртэл ажилтантай, жилд 70-100 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг бичил бизнес эрхэлж байна гэж томъёолох юм.  Жижиг гэдэгт нь 50 хүртэлх ажилтантай жилийн 500 сая хүртэлх төгрөгийн орлоготой бизнесийг жижиг бизнес гэж томъёолж байгаа.

Гэхдээ хууль маань дөнгөж хэлэлцүүлгийнхээ шатанд яваа. УИХ-д  өргөн бариагүй байна. Дунд бизнес гэдэгт өнөөдрийн хуулинд байгаа жилд  1.5 тэрбум төгрөгийн орлоготой, 150 хүртэлх ажилтантай аж ахуй нэгжийг  хамааруулж ойлгоно. Ингэж ангилахдаа  санаанаасаа зохиосон юм би.  Жижиг дунд бизнесийг амжилттай  эрхэлж байгаа Монгол улсад суугаа бүрэн эрхт Солонгос, Вьетнам, Чех, Эмират  зэрэг долоон улсын элчин сайдтай уулзаж энэ талаар санал солилцоход  жижиг дунд гэснийг ангил,  нэг тогоон дотор байж болохгүй гэсэн зөвлөгөө өгч байна лээ.  

Дунд буюу өрсөлдөх чадвартай бизнесийнхэн банкаар зээлээ авна. Банк  бизнес эрхлэгчдээс барьцаа хөрөнгө,  тайлан баланс шаарддаг. Банкны энэ шаардлагыг  жижиг, бичил бизнес эрхлэгчид хангаж чаддаггүй. Тийм учраас дунд буюу өрсөлдөх чадвартай бизнес эрхлэгчид  банкаар зээлээ авч,  жижиг, бичил бизнес эрхлэгчдэд Үндэсний зөвлөл байгуулж бизнес санаан дээр нь тулгуурласан зээл  тусламж  олгох   нь зүйтэй гэж үзэж  байгаа.

Төрийн бодлого дээрх хэлбэр бүхий   зээл тусламжаар дамжиж хэрэгжинэ. Энэ бол хуулийн төслийн үндсэн үзэл санаа. Мэдээж хэлэлцүүлгийн шатанд  зүйл заалт бүрийг нягталж ярилцана”  хэмээн онцлон тэмдэглэсэн  юм. 



С.Отгон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна