БНСУ-ын шүүх Чой Сүн Шилийн охиныг суллав

2017/06/08

БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчийг төрийн эрхнээс буулгахад хүрсэн томоохон авлигын хэргийн эзэн Чой Сүн Шилийн охиныг суллалаа. Чон Ю Раг 5-р сарын 31-ний өдөр Амстердамаас Сөүл чиглэлийн онгоцноос буухад прокурорын байгууллагынхан саатуулсан. Тэгвэл БНСУ-ын шүүх Чон Ю Раг баривчлах хүсэлтээс татгалзжээ.

Чон Ю Ра Дани улсад орогнож байсан. Түүнийг Данийн хууль хяналтын байгууллага саатуулж, Өмнөд Солонгосын талд шилжүүлэн өгсөн юм. Учир нь экс Ерөнхийлөгч Пак Гын Хетэй холбогдсон авлигын хэргээр Чон Ю Рагаас байцаалт авах шаардлагатай гэж үзжээ. Харин шүүхээс өнөөдөр Чон Ю Рагаас байцаалт авах шаардлагатай эсэхийг тогтооход бэрх байна гэж үзээд, баривчлах хүсэлтийг түдгэлзүүлсэн байна. 21 настай Чон Ю Ра мөрдөн шалгах ажиллагаанд хамтрахаа мэдэгджээ.

Өмнөд Солонгосын эрх баригчдын хүсэлт дээр тулгуурлан Интерполын шийдвэрийн дагуу Данийн Ольборг хотод Чон Ю Раг саатуулжээ. Чон Ю Раг их дээд сургуульд шалгалтгүй элсэн суралцаж, ээжийнхээ авлигын хэрэгт оролцсон байж болзошгүй гэж таамаглаж байгаа. Чон Ю Ра эдгээр хэргийг няцаагаад байгаа юм.

Түүний ээж Чой Сүн Шилийг төрийн хэрэгт оролцсон, улс төрийн чухал шийдвэрүүд гаргахад нөлөөлсөн, сайд нарын томилгоо зэрэгт оролцож байсанд буруутгасан. Мөн өөрийн найз Ерөнхийлөгч Пак Гын Хегийн нэрийг барьж, Өмнөд Солонгосын томоохон корпорациудаас нийт 80 тэрбум вон буюу 72 сая ам.долларын мөнгөн хандив авсанд буруутгаж байгаа юм. Чой Сүн Шилийг оны өмнө баривчилж, хэргийг нь шалгаж байгаа.

Авлигын томоохон хэргийн улмаас БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулах асуудлыг Парламент оны өмнө дэмжиж, Үндсэн хуулийн шүүх 3-р сарын 10-нд эцсийн шийдвэр гаргаж, огцруулахыг дэмжсэн. Ингэснээр 3-р сарын 31-ний өдөр экс Ерөнхийлөгчийг баривчлан, тусгаарлах өрөөнд байрлуулаад байгаа юм. Пак Гын Хегийн эсрэг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан зэрэг хэд хэдэн зүйл ангиар хэрэг тулгаад байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна