“Монгол Улс крипто валютын салбарын томоохон компаниудыг хүлээн авч, үйлчилгээ үзүүлэгч болох асар том боломж бий” гэдгийг Сорсланд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цолмон онцлов. Тус компани Монголын өмнөд нутагт дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн мянган крипто валют олборлогчид болон блокчэйн технологийн салбарын энтрэпрёнеруудыг хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх крипто валют олборлох байгууламж, крипто валют арилжааны төв болон дата төв байгуулах Г.О.В.Ь төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Тус компани энэ салбартаа тэргүүлэх Хятадын томоохон компаниудын нэг BW-тай гэрээ үзэглэсэн бөгөөд BW-ийн Гүйцэтгэх захирал Сүнсю Хуагийн батлан хэлснээр 500 сая ам.долларын хөрөнгө оруулах гэрээ байгуулж, эхний ээлжинд гурван зуун мянган крипто валют олборлох машиныг Монгол руу илгээхээр төлөвлөж туршилтын ажлыг эхлүүлээд байгаа ажээ.
Манай урд хөршид сүүлийн саруудад крипто валют олборлогчдод хориг хязгаар тавьж байна гэх цуу тус салбарын хөрөнгө оруулагчдад урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд нь эргэлзээ төрүүлээд байсан юм. Энэ бүрхэг байдлыг тодруулах гэсэн мэт крипто валют олборлогч байгууллагуудын цахилгааны хэрэгцээг хязгаарлах арга хэмжээг төрөөс авч явуулж буй тухай баримт цахим ертөнцөд тарсан байна. Нэгдүгээр сарын 2-ны өдрөөр огноолсон тэрхүү албан бичгийг дөрөв хоногийн дараа нь Хятадын блокчэйн технологийн нэгэн компанийн захирал Элли Жан хэмээх бүсгүй өөрийн Твиттэр хуудсандаа нийтлэсэн байв. Ийн нийтэд ил болсон бичигт эрчим хүчний хэрэглээ хэт өндөр байгаа нь цахилгааны үнэд нөлөөлнө гэсэн болгоомжлолоор крипто валют олборлогчдыг Хятадаас шахан гаргах хэрэгтэй гэсэн байжээ.
Хятадад крипто валют олборлож байгаа хувь хүмүүс болон байгууллагууд үйл ажиллагаагаа өөр улс руу нүүлгэх арга хэмжээ авч эхлээд байгаа нь өдгөө нууц байхаа больжээ. Мэдээж хэрэг тэдэнд олон хувилбар байгаа ч, Монгол Улсад үйлчилгээ үзүүлэгч болох давуу боломж гарч ирж байгаа юм. Тэдгээр машинууд ажиллахгүй удах тусам тэр хэмжээгээр алдагдал өндөр байна гэдгийг тооцож үзэх юм бол Монгол зөөвөрлөхөд хамгийн ойр байршилтай, мөн эрчим хүчний үнэ хямд гэдэг утгаараа хамгийн оновчтой сонголт болж байгаа юм. Угтаа энэ нь Монгол Улсад цагаа олсон завшаантай тохиол болж байна.
Хятадтай хөрш зэргэлдээ ойрхон байрлаж байгаа нь Монголын хувьд чухамхүү том давуу тал болохын хувьд крипто валют олборлогчдод манай орныг үйл ажиллагаагаа явуулах боломжит газар гэж харах үндэслэлтэй шалтгаан аргагүй мөн. Үүнээс гадна, Монголд хүйтэн цаг агаар, хямд ажиллах хүч, өндөр хурдны интернэт, хязгаарлаж боомилоогүй хууль эрх зүйн орчин бүрджээ.
Сайн мэдээ гэвэл Монголд одоогийн байдлаар крипто валют олборлолт болон валют арилжааг хориглож, хязгаарласан хууль, логистикийн асуудал байхгүй.
Гол асуудал нь эрчим хүчинд буй
Цахим мөнгөн тэмдэгт, тодруулбал крипто валютын зах зээлд Хятад гарцаагүй хамгийн том тоглогч. Салбарын шинжээчдийн тэмдэглэснээр тус улсад дэлхийн хэмжээнд хамгийн олон крипто валют олборлогчид, олборлолтын сангуудын 58 хувь нь төвлөрсөн аж. Тэдгээр цахим мөнгө олборлогчдын дийлэнх нь хүйтэн цаг агаартай, усан цахилгаан станц ихтэй, эрчим хүчний хөнгөлөлт олгохоор заасан Хятадын умард мужуудад гол төлөв төвлөрчээ. Гэвч мөнөөх цахим орчинд алдагдсан албан бичигт өгүүлснээр Хятадын эрх баригчид эдгээр байгууламж их хэмжээний цахилгаан ашиглаж буй нь асуудал болж байгааг дурдсан байсан юм.
Зарим компаниуд үүссэн нөхцөл байдлыг соргогоор анзаарч хөдөлсний дотор Монголд хостинг үйлчилгээ санал болгож буй Gobilink.com компани багтаж байна. “Хятадын крипто валют олборлогчид хэдэн мянгаар нь олборлогч машинаа Монгол руу зөөвөрлөх хүсэлтээ илэрхийлэн бидэнд хандах нь ихсээд байна. Гэвч асуудлын гол нь эрчим хүчний асуудал болж байгаа бөгөөд энэ тал дээр Монголын зүгээс тодорхой дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байгаа”-г Гүйцэтгэх захирал Рэнэ Виллэнөүв хэлж байлаа.
Одоогийн байдлаар Монголд 1 кВт цахилгааны үнэ дунджаар 5 центийн үнэтэй байгаа нь Хятадтай харьцуулахад бараг гурав дахин хямд үнэ юм. Гэсэн хэдий ч Монгол Улсын эрчим хүчний салбарын тайланд дурдсанаар дотоодын нийт эрчим хүчний чадал 1100 орчим мегаватт гэсэн тооцоо бий. Крипто валют олборлогчдыг хүлээн авах асар том байгууламж барихаар зорьж буй Г.О.В.Ь тэргүүтэй том төслийн хувьд мэдээж энэ нөөц хангалтгүй гэдэг нь ойлгомжтой.
Төслийг хэрэгжүүлэгч Б.Цолмон үүнтэй санал нийлэхийн хамт “Эрчим хүчний салбарт, ялангуяа цахилгаан станц барихад ГШХО татах нь эхэндээ хүнд байх нь ойлгомжтой ч эцэстээ бүх оролцогч талууд энэ хож-хож боломжийг авчрах хамтын ажиллагаанаас ашиг хүртэнэ гэж бодож байна” хэмээж байлаа.
Монгол Улс дотоодын эрчим хүчний хэрэгцээгээ дөнгөн данган хангахын зэрэгцээ хоёр хөршөөсөө цахилгаан импортлодог нь үнэн. Гэхдээ, Монголд эрдэс баялгийн арвин их нөөц байгаа гэдгийг мартаж болохгүй.
Дорноговь аймаг дахь томоохон нүүрсний ордын нэрээр нэрлэсэн “Эрдэнэцогт Энэржи” ХХК нөөц бололцоондоо тулгуурлан нүүрсээр галладаг цахилгаан станц барихаар төрөөс зөвшөөрлөө аваад байгаа. “Эрдэнэцогтын уурхайн хөрс хуулалтын харьцаа харьцангүй бага байгаа тул бидэнд 1 кВт-ыг 3 хүртэл центээр үнэлж болох хямд эрчим хүч үйлдвэрлэх боломж бий” гэдгийг Ерөнхий захирал Ч.Энхтайван онцолж байв.
Тэгэхээр крипто валют олборлох ажиллагаа эцэстээ Монголын уул уурхайн салбараас хамаарах нь байна.
Монголд крипто валют олборлодог хувь хүмүүс, аж ахуй нэгжүүд олон. Албан бус тоогоор дор хаяж нэг крипто валют олборлогч машинтай хувь хүмүүсийн тоо арван мянгад дөхөж очих ажээ. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Хятадад энэ салбарын бодлоготой холбоотой тодорхой бус байдал үүссэн, Монголд эсрэгээр хориглосон зохицуулалт байхгүй нь уг тоо нэмэгдэхэд нөлөөлсөн байх.
УИХ-ын гишүүн Н.Учралын хэлж буйгаар эдийн засгийн 90 гаруй хувь нь ганц уул уурхайн салбараас хамаарч, “тээвэрлэгч”-ийн үүрэг гүйцэтгэж буй манайх шиг орны хувьд говийн бүсэд крипто валют олборлогчдыг хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх нь эдийн засгийг сэргээх шийдэл байж болно.
“Бид эдийн засгаа төрөлжүүлэх арга замыг хайсаар өдий хүрсэн. Хэрэв Хятад крипто валютын олборлолтдоо хориг тавих юм бол, Монгол тэр боломжийг харин ч ашиглах хэрэгтэй. Төрөөс тэд тодорхой хууль дүрэм хүсээгүй, ердөө цахилгаан эрчим хүчээр дэмжихийг хүсэж байгаа. Цахилгаан станцууд барих хэрэгцээ шаардлага байгааг дурдах нь илүүц биз ээ. Ажлын байр, орлогыг нэмэгдүүлэх боломж эндээс гарч ирнэ” гэдгийг тэрээр онцолж байв.
Харилцаа холбооны зохицуулах газрын дарга асан Б.Болдбаатарын хэлснээр “‘Монголд хангалттай зохицуулалт байхгүй’ гэдгийг сул тал гэж үзэх хүн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл тийм биш” аж.
Монгол Улс 2012 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд манлайлж яваад 2016 онд дефолт зарлах дээрээ тулсан эдийн засгийн хямралтай он жилүүдийг туулж байна. Монгол Улсын хувьд ДНБ-ий 23 орчим хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбараас хамааралт байдлаасаа гарах гарц нь крипто валютын салбар байж болох юм.
Таван зуун сая долларын гэрээ ч хямралт байдал удахгүй арилах эхлэл байхыг үгүйсгэхгүй.
Урьд өмнө нь гол ачааг нуруун дээрээ үүрч байсан салбараас огт ангид крипто валютын салбарыг хөгжүүлэх тохиол Монголд бүрдээд байна. Хятад руу эрдэс баялгаа экспортлохоос гадна тус улсаас шахагдаж байгаа цахим валют олборлолтын салбартхүч түрэн орж яагаад болохгүй гэж.
Магадгүй энэ Монголын хувьд санхүүгийн цоо шинэ ертөнцөд нэвтрэх анхны алхам болж мэдэх юм.
Нийтлэлч Оюунчимэг
China Economic Review сэтгүүлийн 2018 оны гуравдугаар сарын дугаарт нийтлэгдсэн.
Сэтгэгдэл бичигдээгүй байна