С.Баярцогт нарыг саатуулсан талаар Нийслэлийн прокуророос албан ёсоор тайлбар өглөө

2018/04/02
ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас саатуулан шалгаж байна. Тэднийг Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. 

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман "Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг өчигдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн санхүүжилтын төлөвлөгөө зэрэг бичиг баримттай холбогдох хэрэгт Оюутолгойн гэрээ болон эрхзүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр татаж, хойшлуулашгүй ажиллагаа явуулан саатуулсан байгаа. АТГ-аас цаашиад яллагдагчаар татан шалгах шаардлагатай гэсэн хүсэлтээ прокурорын байгууллагад ирүүлээд байна. Мөн "Эрдэнэт" үйлдвэрээр баталгаа гаргуулж, "Жаст", "Стандарт" банкнаас их хэмжээний зээл гаргуулсан авсан гэх хэрэгт холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Амарбатыг сэжигтнээр татан саатуулсан байгаа. Энэ хүнийг ч мөн АТГ-аас яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын газраас материалуудтай танилцаж байна" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна