ШҮҮХ нэг жилийн хугацаанд ХААН БАНКТАЙ холбоотой 34 хэргийг 100 хувь ХААН БАНКНЫ талд шийдсэн байжээ

2018/04/03
Шүүхийн байгууллагын хууль бус ажиллагааны талаар сэтгүүлч  М.Наранбаатар, хуульч Х.Бат-Ялалт болон судлаачид хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хэвлэлийн хурлаар "Хаан" банк болон шүүгч нартай холбогдолтой баримт дэлгэсэн юм.

Тодруулбал, Монгол улсын дээд шүүх, Иргэний хэргийн танхимын тэргүүнд хаягласан уг баримтад, "Орон нутгийн шүүх ажилтнуудаас ирүүлсэн санал хүсэлтийг судлан үзээд шүүхийн ерөнхий зөвлөлөөс хаан банктай хамтран бүх шатны шүүгч ажилтнуудынхаа нийгмийн ахуй амьдралыг сайжруулах зорилгоор тэдэнд санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх уян хатан нөхцөлөөр зээл олгох орон сууц худалдан авахад нь зориулж хөнгөлттэй нөхцөлөөр зээл авах болсноор харилцан тохиролцож хамтран ажиллах болсноос хойш даруй нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шүүхийн бүх ажилтнуудад хөнгөлттэй нөхцөлөөр орон сууц хашаа байшин худалдан авахад нь зориулж хаан банкнаас 174 шүүхийн ажилтанд зээлийг олгож тэдний ахуй амьдралд нь хувь нэмэр оруулжээ. Хаан банк нь нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор дээрх ажлуудыг зөвхөн шүүхийн байгууллагатай хамтран зохион байгуулан үзүүлж байгаа бөгөөд манай хоёр байгууллагын энэхүү үйл ажиллагаа харилцан үр дүнтэй эрчимтэй хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Цаашдаа хамтын ажиллагаа улам өргөжин тэлж нөөц боломжийг ашиглаж чадна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.

Эрхэм шүүгч танд энэ өөдрөг сайхан эрхэм үйлсийг дуулгахын ялдамд манай банктай холбоотой орон нутгийн шүүхийн байгууллагын шийдвэрлэсэн иргэний хэргийн хууль бус шийдвэртэй холбоотой асуудлаар хандаж байгаад хүлцэл өчье.

Иймд эрхэм шүүгч таныг энэхүү хэргийг тусгайлан авч үзэж хэргийг бүрэн бодитой тал бүрээс шинжлэн авч үзсэний үндсэн дээрээс хэргийн нотлох баримтыг зөв дүгнэн үнэн шударга гаргаж өгч туслахыг хичээнгүйлэн хүсье" хэмээжээ.

Дашрамд дурдахад "Хаан" банкны үндсэн хувьцааны 41,3 хувийг Японы "Савадо" бьюлдинг гэж компанийн эзэн Савада гэх эзэмшдэг аж. Мөн түүнээс гадна Хонконгийн компани 11,3 хувь "Таванбогд" компани 22,96 хувийг Олон улсын санхүүгийн корпораци 9,32 хувийг Б.Хулан гэх Баатар захирлын гэр бүлийн хүн 16,32 хувийг үндсэндээ 60 хувь нь гадаадын эзэмшилд байдаг байна. Ийнхүү хуульчдын судалснаар 2013-2014 он хүртэлх нэг жилийн хугацаанд "Хаан" банктай холбоотой 34 хэргийг 100 хувь хаан банкны талд шийдэгдсэн байсан нь мэдэгджээ.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна