Ниссаны захирал баривчлагдаж, хувьцаа нь унав

2018/11/21
Дэлхийн хамгийн том машин үйлдвэрлэгчдийн нэг болох Ниссаны ерөнхий захирал, гүйцэтгэх захирал хоёрын зөрчил нь баривчилгаагаар дууслаа. Тухайлбал Nissan Группын ерөнхий захирал орлогоо нуун дарагдуулж, ихээхэн хэмжээний мөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан байна.

Nissan-ы ерөнхий захирал Карлос Гөсн болон тэргүүн дэд захирал Грег Келли нарыг Токиогийн яллагч нар баривчлах шийдвэр гаргасан байна. Тэднийг 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 5 тэрбум иень буюу 44 сая ам.долларын орлогоо нуун дарагдуулж, тэрхүү мөнгийг ерөнхий захирал Карлосыг тансаглуулахад ашигладаг байсан хэмээн буруутгажээ. Олон улсын машин үйлдвэрлэлийн салбарт ихээхэн нэр хүндтэй, бэлгэ тэмдэг болсон хүн гэж болох Карлосыг дараах хэргүүдэд сэжиглэж байгаа хэмээн NHK мэдээллээ.

• Карлос Гөсний Рио Де Жанейро, Бейрут, Парис, Амстердам зэрэг томоохон хотуудад байдаг тансаг орон сууцнуудын төлбөр, түрээсийг Nissan төлдөг байсан

• Токиогийн хөрөнгийн биржд албан ёсоор үнэт цаас, хувьцааны тайлангаа мэдээлэхдээ удирдлагадаа зориулсан их хэмжээний мөнгийг нуун дарагдуулсан

• Мөн компаний хөрөнгө оруулалт хийх зорилготой мөнгийг Карлос өөрийнхөө тансаг сууцнуудыг худалдан авахад зориулсан байж болзошгүй.

Дашрамд хэлэхэд Бразил гаралтай Франц иргэншилтэй Карлосыг Ниссан групп дампуурахад тун ойрхон байх үед нь аварч, олон жил амжилттай удирдсан, эрс шийдэмгий удирдагч хэмээн Японд ихээхэн нэр хүндтэй байдаг. Мөн Ренo-Ниссан-Митцубиши гурвын нэгдлийг бий болоход голлох үүрэг гүйцэтгэсэн эрхэм гэдэг. Ямартай ч, Ниссаны ерөнхий захирал ажлаасаа халагдаж, баривчлагдсантай зэрэгцэн компанийх нь хувьцаа 5.5 хувиар унасан нь 2016 оноос хойш нэг өдрийн дотор хамгийн их унасан тохиолдол ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна