Ганцхан хормын болчимгүй үйлдлээрээ карьераа сүйтгэсэн эрхмүүд

2019/01/03
Улиран одсон 2018 онд өөрсдийн хичээл зүтгэл, хөдөлмөрөөр бий болгосон амжилттай карьераа ганцхан хормын болчимгүй үйлдэл, үг хэллэгээрээ сүйтгэсэн хэд хэдэн тохиолдол гарсан. Аливаа улс оронд олны танил хүмүүст double standard буюу биеэ авч явахад баримтлах давхар шаардлага/хариуцлага тавигддаг нь бичигдээгүй хууль. Ингээд 2018 онд өөрийн карьерыг сүйтгэсэн хэд хэдэн томоохон алдартнуудын сургамжаас хуваалцая.


 
Розинь Барр

АНУ-ын нэрт хөтлөгч, жүжигчин, элэглэгч, комедиан Розинь Барр нь инээдмийн цувралаараа ихээхэн алдартай. Ерөнхийлөгч Дональд Трампийг маш их дэмждэг тэрбээр 2018 онд олон жил завсарласан байсан телевизийн инээдмийн шоугаа сэргээж чадсан. Шоуны нэр хүнд эхний сарууддаа тун дажгүй байсан тул дараа жил дахин хийгдэх тухай яригдаж байтал, Розинь Барр нь Twitter хуудсаараа дамжуулан Жорж Сорос, Челси Клинтон, Барак Обамагийн зөвлөх Валери Жарретт нарыг доромжилсон нь маш их шүүмжлэл дагуулсан. Арьс өнгөний үзэл гаргаж, дайрч давшилсан шинжтэй жиргээгээ Розинь Барр устгаж, хэдэн цагийн дараа уучлалт гуйсан ч, “завь хэдийнээ хөдөлсөн” байлаа. ABC телевиз түүний шоуг хөтөлбөрөөсөө хасч, нэгдсэн улсын иргэд ч түүний хэт улстөржсөн, өөрийгөө дөвийлгөсөн, бусад руу довтолсон зан характераас залхаж буйгаа илэрхийлэх болсон.


 
Брайн Коланжело

Твиттертэй холбоотойгоор карьераа сүйтгэсэн өөр нэгэн эрхэм бол Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны Philadelphia 76 багийн ерөнхийлөгч Брайн Коланжело юм. Тэрбээр маш олон тооны хуурамч Twitter хаягнуудыг нээж, түүгээрээ дамжуулан өөрийнхөө багийн тоглогчид болон хамтран зүтгэгчдээ шүүмжлэх, доромжлох, санаагаа тулгах зэргийг хийдэг байсан нь тогтоогдсон. Коланжело одоо ч гэсэн тэдгээр хаягнуудыг өөрөө үүсгээгүй гэж зүтгэдэг бөгөөд түүний эхнэр Барбара Поттини нь нөхрийнхөө ажилд туслах зорилгоор Twitter-т олон тооны профайлуудыг бий болгож, түүнийгээ ажиллалуулдаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ямартай ч болж буй үйл явдалтай холбогдуулан Брайн Коланжело ажлаа алдсан төдийгүй, түүнд шинэ ажлын санал огтхон ч ирэхгүй байгаа сурагтай.


 
Карлос Госн

Автомашин үйлдвэрлэлийн салбарт даруй 40 гаруй жил ажиллаж, нэр хүнд нь ч огцом өссөн Карлос Госныг Ниссан корпорацийг дампуурлаас аварсан ачтан хэмээн ярьж бичдэг. 3 томоохон автомашин үйлдвэрлэгч компаниудын удирдлага гэгддэг Карлос Госн нь өнгөрсөн 11 дүгээр сарын 19-нд их хэмжээний татварыг нуун дарагдуулсан, компаний өмч хөрөнгийг хувьдаа захиран зарцуулсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан. Ердөө долоо хоногийн дотор Карлос нь Nissan болон Mitsubishi-гийн удирдлагаас чөлөөлөгдсөн юм. Тэрбээр хэрэв өөрт нь тулгаж буй хэрэгт буруутай нь тогтоогдвол 10 жилийн ял сонсож болзошгүй байна.


 
Мегин Келли

АНУ-ын NBC телевизийн өглөөний хөтөлбөрийн хөтлөгч, ярилцлагын шоуны сэтгүүлч Мегин Келли нь олон нийтийн салбарт чамгүй олон жил ажилласан нэгэн билээ. Fox News сувагт 2004-2017 онд ажиллаж байхдаа харьцангуй чадварлаг хөтлөгч болж чадваржсан Мегин Келли нь 2018 онд бууриа сэлгэж, Fox News-ээс NBC руу сүр дуулиантайгаар шилжсэн. Жилийн 20 сая ам.доллараар цалинжихаар гэрээлсэн Мегин 2018 оны 10 сарын 23-ны өглөөний шоуныхаа үеэр Халловины баяртай холбоотой байр сууриа илэрхийлэхдээ “Цагаан арьстай хүмүүс маск зүүгээд, аль эсвэл нүүрээ будаад хар арьстай хүний дүрийг бүтээж болно шүү дээ. Намайг хүүхэд байхад болдог л байсан. Дүр бүтээж байгаа юм чинь” гэж хэлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Арьс өнгөний асуудал ихээхэн эмзэг байдаг Америкт түүний хэлсэн үг өвсөнд авцалдсан түймэр мэт дорхноо тархаж, ердөө 3 өдрийн дараа буюу 10 сарын 26-нд NBC суваг Мегиний шоуг цуцалж буйгаа мэдэгдсэн.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна