Монголын хамгийн нам дор цэгт орших Хөх нуур ширгэх аюулд тулгарчээ

2019/01/16
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар улсын тусгай хамгаалалтад авахаар болсон 22 газрын нэг Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Хөх нуур сүүлийн жилүүдэд экологийн доройтолд нэрвэгдэж, бохирдолт өртсөөр байгаа ажээ. Энэхүү Хөх нуурын сав газар нь Монголын хамгийн нам дор цэг юм. Дорнод Монголын Улз, Хэрлэн голын савд 1-5 хавтгай дөрвөлжин км талбай бүхий 30 гаруй нуур байдаг бөгөөд эдгээрийн хамгийн том нь Хөх нуур ажээ. Уг  нуурын орчны бохирдлын талаар 2017 онд Хөх нуурын экосистемийн судалгааны ажлыг хийж, судалгааны үр дүнд суурилан 2018 онд Хөх нуурын хог хаягдлыг цэвэрлэж, усны бохирдлыг бууруулах ажлуудыг тус тус зохион байгуулсан юм байна.
 
Хөх нуур орчмын савд газрын доорх усны түвшин буурснаас болж гол болон газрын доорх усны гидравлик холбоо алдагдаж, гачиг үед үндсэн тэжээл болдог газрын доорх усны эх үүсвэргүй болсноор гантай жилүүдэд гол, горхи хатаж ширгэж, тасалдах болжээ. Тухайлбал, Хөх нуурт цутгадаг Тээл гол шургаснаас нуурын ус үндсэндээ тэжээгдэлгүй болж эрдэсжилт эрс нэмэгдсэн байна. Үүнээс болж эргэн тойрондоо адилхан давстай, маш хатуу, хлорын ион нь “Усан орчны чанарын стандарт MNS 4586:1998”-д зааснаас 3.6-3.7 дахин их, усны орчин рН стандартаас давсан, “Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм”-той харьцуулахад ууссан бодисуудын хуурай үлдэгдэл, рН, хлорын ионы хэмжээгээр “Маш их бохирдолттой”, харин ерөнхий хатуулаг, магнийн ионы хэмжээгээр “Их бохирдолттой”, исэлдэх чанарын хэмжээгээр “Бохирдолтой” байна хэмээн дүгнэгдсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна