​'Бүрэнхий' нийгэмд гэрэл асаасан бүтээлүүдийг шалгарууллаа

2019/01/17

Бид техник технологийн эрэн үед ажиллаж, амьдарч байгаа нь сайхан хэрэг. Гэхдээ технологийн хөгжил хурдсахын хэрээр хүмүүс хоорондын халуун дулаан харилцаа хөрж, сошиал орчинд нийгмийн сайн сайхнаас илүү саар мэдээллүүд түгэх нь элбэг болсон. Хар, сөрөг мэдээллээр бүрэнхийлж буй Монголын нийгэмд гэрэл асаах зорилгоор Монголын Үндэсний брэндийн бодлогын зөвлөлөөс уран бүтээлчдийн дунд “Дува” богино хэмжээний киноны уралдааныг анх удаа зохион байгуулж,  өчигдөр шилдгүүдээ тодрууллаа.

Уг наадамд найман уран бүтээл өрсөлдөж, шилдгийн шилдэг гурван бүтээлийг шалгаруулсан юм. Шилдэг бүтээлээр, “Амьдрах сайхан”, “Фигур”, “Зүрхээ чагна” гэсэн уран бүтээлүүд шалгарсан. “Дува” богино хэмжээний кино наадамд хүч үзсэн бүтээлүүд эгэл амьдралаас сэдэвлэсэн энгийн хэрнээ сэтгэлийн гүнд байдаг тэр л утсыг хөндөж чадсанаас гадна сэтгэл гундуу хандлагад итгэл, найдвар өгч, сэтгэлийн мухарт бяцхан гэрэл асааж байлаа. Тухайлбал, “Зүрхээ чагна” кинонд хүний амьдралд алдаж, онох зүйл тохиолддог ч гагцхүү түүнийг ухаарал, уучлалт, уужим сэтгэлээр засаж, залруулж, илүү өнгөтэй болгож болдгийг харуулсан байна. Мөн “Фигур” киногоор энэ хорвоогийн хамгийн сайхан аялгуу болох ээжийн бүүвэйн дуугаар үзэгчдийг уярааж, чин сэтгэлийн хайр нь бүх муу зүйлийг бүрхэж, илүү гайхалтай гэрэл гэгээтэй зүйлийг бүтээдэг гэдгийг харуулж чадсан байлаа.

Сөрөг мэдээлэл, сөрөг хандлагаар бүрхсэн нийгмээ эерэг, илүү гэгээлэг болгохын төлөө монгол залуус чармайн хөдөлмөрлөж, сэтгэн бүтээж явааг харсан шүүгчдийн сэтгэл баясаж, ирээдүйн уран бүтээлчдээрээ бахархаж байсан юм. Тус уралдааны ерөнхий шүүгчээр зохиолч, яруу найрагч Д.Урианхай гуай ажиллажээ. 

Ингээд “Дува” богино хэмжээний наадмын шүүгчдийн сэтгэгдлийг хүргэе.

 

Залуус хуучны хатуу реализмаас салж, хүний сэтгэлийн гүн рүү нэвтэрч чаджээ

Найруулагч, зураач С.Мягмар “Монгол Улсаа дэлхийд таниулах монгол брэндийг бий болгох, нийгэмд эерэг хандлагыг түгээх зорилгоор “Дува” богино хэмжээний кино наадмыг анх удаа зохион байгууллаа. Богино хэмжээний киноны анхны алхмыг хийлээ. Өнөө үеийн залуус маань хуучны хатуу реализмаас салж, хүний сэтгэлийн гүн рүү нэвтэрч, сэтгэхүйн драм руу орж ирж байна. Хуучин бид захиалгаар кино хийдэг байжээ. Одоогийн залуус өөрсдийн сэтгэлийн захиалгаар кино хийдэг болсон байна. Залуус маань бэлтгэгдэж байна. Тэд өөрсдийн гэсэн арга барил, ирээдүйгээ олсон байна” гэж ярилаа.

 

Монголын бүрэнхий нийгэмд гэрэл гэгээ хэрэгтэй

-Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн “Богино хэмжээний кино хийсэн залуусыг хараад Монголын хойч үетэй уулзаж байна гэж баярлаж суулаа. Монголын киноны нүүр царай болоод явах сайхан залуу үе маань гараад ирж гэдэгт сэтгэл ханамжтай байна. Тэдний кинонд нарийн ур чадвартай холбоотойгоор сайжруулах зүйл байна. Гэхдээ манай залуус уран бүтээлээрээ чангарна. Дааганууд гараанаас гарлаа. Тэд удахгүй шүдлэн, соёолон, хязаалан болно. Уран бүтээлчид нийгэмд эерэг хандлага түгээх зорилго дор бүтээлээ хийсэн. Монголын бүрэнхий нийгэмд ийм гэрэл гэгээ хэрэгтэй. Аливаа зүйл багаас эхэлдэг шүү дээ. Наад зах нь гэхэд бид бие бие рүүгээ хараад инээж, мэндэлдэг байх хэрэгтэй. Огт танихгүй хүн инээмсэглэн зөрөхөд сэтгэлд их хөнгөн гоё мэдрэмж төрдөг шүү дээ. Ийм мэдрэмжийг авсан хүн дараагийн хүндээ мөн тийм хандлагыг өгнө. Нэг л хүн хандлагаа өөрчлөхөд нийгмийн хандлага дагаад өөрчлөгдөнө шүү дээ. Ингээд нийгмийн харилцаа өөр болж, бие бие рүүгээ хялайж харахаа болино” гэв.

 

Залуус зорилгоосоо хазайлгүй тууштай байх хэрэгтэй

Сэтгүүлч Г.Золжаргал “Дува богино хэмжээний кино наадам анх удаагаа зохион байгуулагдаж байна. Бидний сонсож, үзэж харж байгаа зүйл хар бараан талтай. Ийм нийгэмд байгаа хүмүүсийн сэтгэлд гэрэл гэгээ болох хэрэгтэй сэдвийг уран бүтээлч хүн хамгийн түрүүнд олж хардаг. Үүнийг олж харсан залуу уран бүтээлчдийнхээ бүтээлийг олон түмэнд үзүүлэх болно.  Ямартай ч залуу уран бүтээлч гарааны зурхайгаас нэгэн зэрэг гарлаа. Цаашид дэлхийн тавцан монгол залуу уран бүтээлчдийн тавцан байгаасай гэж хүсч байна. Монгол хүн оюун санааныхаа хувьд гарах цаг болжээ гэж бодож байна. Үүнд залуучуудаа сойх хэрэгтэй. Өнөөдрийн шалгарсан гурван бүтээл эгэл жирийн амьдралын сайн сайхныг үзүүлэхдээ үзэгчдэд хүсэл тэмүүллийн гал бадраах бүтээлийн оч гялс хийсэн байх гэж бодож байна. Ер нь манай залуус кино хийгээд сурсан байна. Зураг аваад сурсан байна. Одоо юуг, яаж үзүүлэх вэ, юу бодож байна гэдгээ хүний зүрх сэтгэлд хүртэл үзүүлэхэд суралцах хэрэгтэй. Энэ зорилгоосоо хазайлгүйгээр тууштай явах хэрэгтэй. Г.Жигжидсүрэн гуай 50 жилийн өмнө уран бүтээлийн анхны алхмаа хийж байсан. Одоо ч уран бүтээл хийх гээд явж байна. Их урлагийн төлөө өөрөө шатаад явж л байвал тууштай байх хэрэгтэй. Орчин үеийн залууст итгэж байна” хэмээн ярилаа.

 

“Дува” богино хэмжээний кино наадмын шилдгээр:

  1. Монгал фильмийн Амьдрах сайхан

  2. Залуу уран бүтээлч Э.Отгон-Эрдэнийн “Зүрхээ чагна”

  3. Мөн залуу уран бүтээлч Б.Анх-Эрдэнийн “Фигур” гэсэн богино хэмжээний кинонууд шилдгээр шалгарлаа.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна