Новак Жокович хагас шигшээд шалгарлаа

2019/01/24
Талбайн теннисний энэ оны эхний их дуулгын эрэгтэйчүүдийн ангиллын шөвгийн наймын шатны сүүлийн 2 тоглолт өчигдөр боллоо. Эхний тоглолт энэ тэмцээний 6 удаагийн аварга Сербийн теннисчин Новак Жокович болон Япон теннисчин Кей Нишикори нарын хооронд өрнөсөн юм. Австралийн нээлттэй тэмцээний 4 удаагийн шөвгийн наймд шалгарсан Кей Нишикориг энэ жил өндөр амжилтыг үзүүлэн гэж таамаглаж байсан ч, гэмтлээ сэдрээснээр тоглолтоо дуусгаж чадсангүй. Тулаан 6-1 4-1 харьцаатай үргэлжилж байхад Япон залуу тоглолтоо зогсоожээ. Өнгөрсөн жил гарны гэмтлийн улмаас том тэмцээнүүдийг өнжиж байсан Серб эр энэ жил цомын эзэн болвол эрэгтэйчүүдийн ангилалд Австрали тивийн тэмцээнд хамгийн олон түрүүлсэн теннисчин болно. Одоогоор Австралийн Рой Эмерсон, Швейцарийн Рожер Федерер, Новак Жокович нар энэ тэмцээнд 6 удаа түрүүлээд байгаа юм. Чансааны 1-т бичигдэж байгаа Серб залуу Жо Вильфред Цонга, Дэнис Шапавалов, Даниэль Медведев нарыг хожиж, шөвгийн наймд шалгараад байсан юм. Хагас шигшээд Новак Жокович Франц теннис Лукас Поллитой өрсөлдөхөөр болжээ.

Серб эрийн эсрэг хагас шигшээд тоглох Лукас Полли шөвгийн наймын шатны тулаанаа дэлхийн чансааны 16-т эрэмбэтэй Канад теннисчин Милос Раоничийн эсрэг хийсэн байна. Энэ тулаан 4 үед өрнөж, Франц залуу 7-6 6-3 6-7 6-4 харьцаагаар ялалт байгуулжээ. Өнгөрсөн онд дэлхийн чансааны 10 хүртэл дэвшиж чадсан Лукас Полли их дуулгын карьерийнхаа хамгийн өндөр амжилтыг одоогоор үзүүлээд байна. Франц теннисчин шинэ онд гарсан чансаагаар 31-т бичигдэж байгаа юм. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна