Английн премьер лигийн 2018-19 оны улиралд 23 тоглолт хийгээд байгаагаас 14 ялалт авч, 5 эвийн гэрээ, 4 тулаанд өрсөлдөгчдөө дийлдээд байгаа Челси баг Аргентин довтлогч Гонсало Игуаиныг багтаа нэгтгэжээ. Италийн Сери А лигийн Ювентус багийн төлөө хүчин зүтгэж байсан Аргентин эрийг Челси улирал дуустал зээлээр авсан нь энэ юм. Хэрэв Гонсало Игуаин Английн премьер лигт сайн тоглох аваас Челси түүнийг 36 сая еврогоор худалдаж авах ажээ. Игуаин Челсид ирэхээсээ өмнө Италийн АС милан багт зээлээр тоглосон бөгөөд 15 тулааныг хийж, 6 гоолыг оруулаад байлаа. Турин хотын баг Аргентин довтлогчоо Челсид улирал дуустал 9 сая еврогоор зээлсэн байна. Аргентины алдарт Ривер Плейт багаас гаралтай Игуаин 2007 онд нарлаг испанийг зорьж, Реал Мадрид багийн нэгэн хэсэг болж, 2013 оныг дуустал 190 тоглолтыг хйиж, 107 гоолыг оруулсан амжилтыг үзүүлсэн юм. Улмаар Сери А лиг рүү шилжиж, Наполи багийн хамтаар 3 улирал тоглоод 2016 онд Ювентус багт ирсэн билээ. Ювентусын хамтаар 2 ч удаа лигийнхээ цомд түрүүлсэн Аргентин эр хуучин багийн хамтрагч К.Роналдуг Турин хотын багт ирснээр талбайд гарах боломж багассаж, улмаар ийнхүү зээлээр тоглож байсан юм. Челси урд шугамаа хүчирхэг болгосон нь бусад багуудад хүнд даалгавар боллоо. Одоогоор Лондоны баг 47 оноотой лигийн хүснэгтийн 4-р байрт бичигдэж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна