Байлдагчид ээлжийн ахлагчаас цэргийн алба хаагчид гар хүрч байгаа бичлэг бий гэв
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай байлдагч 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан хэрэг гарсан.
Өнөөдөр /2019.01.25/ хэргийн талаар цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийсэн байна
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь эмнэлэгт байлдагч нас барсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Мөрдөгчид хүний амь нас хохирсон хэрэг дээр хуулинд заасны дагуу цогцост үзлэг хийхдээ шинжээч, хүний эмчийг оролцуулах заалттай. Учир нь мөрдөгчөөс тусгай мэдлэг шаардсан тохиолдолд шинжээчийг оролцуулах шаардлагын хүрээнд хийгддэг ажил.
Шинжээчийн оролцсон, цогцост хийсэн үзлэгээр биедээ ил харагдах гэмтэл шархгүй гэж бичигдсэн байна. Цахим хуудсанд тархсан биеийн хүрэн, улаан толбо, зулгаралтууд нь гадны нөлөөтэй үүссэн үү гэдгийг нягталж бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилж дахин үзлэг хийхээр болсон.
Тухайн өдөр цэргийн ангид болсон үйл явдлын талаар мэдүүлэг авч, шалгахад цэргийн алба хаагчид нэг нэгэндээ гар хүрсэн байдал тогтоогдсон. Энэ нь үхэлд нөлөөлсөн үү гэдгийг мөрдөгчийн тогтоолоор шинжилгээний байгууллага дүгнэлт гаргана. Цэргийн анги, байгууллагын дотоод дэг журам зөрчигдсөн.
Үүнээс улбаалаад тухайн цэргийн алба хаагчдыг хариуцсан ахлагч тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан ротын захирагчид танилцуулсан. Улмаар зөрчилтэй байдлыг илрүүлэхээр цэргийн алба хаагчдыг гадна талбайд бэлтгэл сургуулилт хийлгэсэн гэсэн тайлбар өгсөн. Энэ нь дүрс бичлэгт үлдсэн байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан. Ээлжийн ахлагчаас цэргийн алба хаагчид гар хүрч байгаа бичлэг бий. Энэ үйлдэл цэргийн алба хаагчийг үхэлд хүргэсэн үү гэдгийг нягталж шалгана” гэв.
Цагдаагийн байгууллагаас цэргийн алба хаагч нас барсан энэ үйлдэл дээр бусдыг санаатай алах, хүнийг алах гэмт хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах саналыг прокурорт тавьсан байна. Мөн хэрэгт холбогдож байгаа цэргийн алба хаагчдыг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна