Раллигийн ДАШТ эхэллээ

2019/01/29
Бартаат замын шилдэг уралдаануудын нэг Раллигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2019 оны улирал өнгөрсөн 7 хоногт уламжлал ёсоор Монте Карлод эхэллээ. Халаалтын уралдааныг оруулаад 4 өдрийн турш 16 шатанд өрсөлдсөн энэхүү гараанд Цитройн багийн Франц нисгэгч Себастьен Ожье тэргүүлсэн байна.

50 нисгэгч гараанаас гарсан Монте Карлогийн гараа 322,8 км зайд болсон бөгөөд хамгийн онцлох хүн нь Раллигийн дэлхийн аваргын 9 түрүүт Себастьен Лёб байлаа. Дакар раллид хүч сориод ирсэн босоо аварга Монте Карлогийн замд гарч, улмаар 4-р байрт орсон амжилтыг үзүүлжээ. Хамгийн сүүлд Лёб 2013 онд энэ замд түрүүлж, Монте Карлогийн гарааны 7 дахь цомоо өргөж байсан бол түүний нутгийн дүү Себастьян Ожье 2019 оны эхний гарааг манлайлснаар түүнтэй эн зэрэгцлээ.

Себастьен Ожье нийт замыг 3 цаг 21 минут 15,9 секундын амжилтаар туулсан бол Себастьен Лёб 2 минут 26 секунд алдсан байна. Монте Карлогийн гарааны удаах байрт Хьюндей Шелл багийн Бельги нисгэгч Тьерри Невиль 2,2 секунд алдаж оржээ. Энэ гарааны хамгийн олон шатанд тэргүүлсэн нисгэгчээр Эстонийн Отт Танак тодорсон ч, 3-р байрт бариалсан байна. Отт Танак нийт 16 шатнаас 7-т түрүүлсэн юм. Дараагийн гараа ирэх сарын 14-нд Швед улсад болно. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна