4 жил тутамд Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Азийн цомын төлөө өрсөлдөх 2 багийн нэр тодорлоо. Өчигдөр хагас шигшээн 2 дахь тоглолт Катар, Арабын нэгдсэн Эмирайтын шигшээ багуудын хооронд өрнөж, Маруунчууд ялалт байгуулжээ.17 дахь удаагийн азийн цомын тэмцээний шигшээд ингэснээр Япон болон Катарын шигшээ багууд өрсөлдөхөөр болжээ. 2022 оны дэлхийн аваргыг нутагтаа хүлээн авах Катарчууд ийнхүү том тэмцээний шигшээд итгэл төгс шалгарч байна. Өмнөх шатандаа БНСУ-ын шигшээ багийг хожсон тэд хагас шигшээд Австралийг сөхрүүлээд байсан АНЭУ-ын багийг 4-0 харьцаагаар бут ниргэлээ. Мохамед бин Заяед цэнгэлдэх хүрээлэнд болсон тулааны эхнээс л 2 багийн өрсөлдөөн ширүүн байлаа. Маруунчууд 49 хувь бөмбөг эзэмшиж, 451 удаа дамжуулалт хийж, 6 удаа хаалга руу цохилт хийснээс 5 байндаа буужээ. Тэгвэл АНЭУ-ын шигшээ баг 51 хувь бөмбөг эзэмшиж, 5 удаа хаалга руу цохиж, 3 цохилт хаалгач дээр ирсэн ч, амжилтыг олсонгүй. Тэд 441 удаа дамжуулалт хийжээ. Тоглолтын эхний гоолыг 20 дахь минутанд Аль Садд багийн довтлогч Буалем Хухи оруулсан байна. Үүний дараа энэ удаагийн азийн цомын тэмцээний мэргэн бууч Алмуз Али 37 дахь минутанд тооны харьцааг ахиулжээ. Али энэ удаад 8 дахь гоолоо бүртгүүлсэн бөгөөд шигшээ тулаанд Японы багийн Юя Осака 4 гоол л оруулахгүй бол мэргэн буучийн шагналыг гардан авахаар болоод байна. 2 дахь хагаст Аль Саддын мэргэн бууч Хассан Халид Аль Хайдос багийнхаа 3 дахь гоолыг бүртгүүлсэн бол тоглолтын төгсгөлд Аль Садд багийн баруун жигүүрийн хамгаалагч Хамид Исмайл тооны харьцааг 4-0 болгожээ. Шигшээ тулаан баасан гаригт явагдана.
Сэтгэгдэл бичигдээгүй байна