Сангуудаас илэрсэн зөрчлийг ирэх долоо хоногт дэлгэнэ


ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР ДНБ-ИЙ 74 ХУВЬД ХҮРСНИЙГ 62 ХУВЬ БОЛТОЛ БУУРУУЛСАН

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын сангуудыг татан буулгахтай холбоотой болон ОУВС-гийн санхүүжилтийн хөтөлбөрийн тухай сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

-Өнгөрсөн сарын сүүлээр ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ирж ажилласан. Тэд ямар дүгнэлттэй буцсан бэ?
-ОУВС-гийн ажлын хэсэг манай улсад ирсэн. Тэд “Монголын Засгийн газартай хамтарсан ажлууд үр дүнтэй болсон” гэж дүгнэсэн. Тухайлбал, Монголын эдийн засгийн өсөлт долоон хувьд хүрэхээр байгаа.

Энэ нь зөвхөн эдийн засгийн бодлого тогтвортой тууштай байснаас гадна төсвийн сахилга бат, хариуцлага дээшилсэн, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, Засгийн газрын өрийг бууруулсан зэрэг нь нөлөөсөн гэж үзсэн. Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-ий 74 хувьд хүрээд байсныг бид 62 хувь болтол бууруулсан. ОУВС-гийн ажлын хэсэг тус сангаас хөтөлбөр хэрэгжүүлж буй орнуудаас Монгол Улстай хамтарсан хөтөлбөр хамгийн амжилттай байна гэж дүгнэсэн.

-Тэд мөн Монголбанкны удирдлагуудтай уулзсан гэсэн. Уулзалтаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Арилжааны банкуудын AQR үнэлгээтэй холбоотой хийсэн ажлуудаас тодруулах зүйлс байна гэдгийг ажлын хэсгийнхэн Монголбанктай уулзсаны дараа хэлсэн. Тэр нь арилжааны банкууд дүрмийн сан, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэсэн үг. Тэгэхдээ нэмэгдүүлсэн хөрөнгийн эх үүсвэр хаанаас гарсан, цэвэр эсэхийг тайлагнах хэрэгтэй юм.

-Ойрын хугацаанд Засгийн газраас гадаадын байгууллагуудад төлөх өр бий юу?
-2019, 2020 онд Засгийн газарт гадаад өрийн дарамт бага байгаа.

-Тусгай сангуудыг шалгасан дүнг Засгийн газрын хуралдаанд яагаад танилцуулахгүй байгаа юм бэ?
-Засгийн газрын 29 сан дээр Сангийн яамнаас тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөчихсөн.  Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөсөн байсан ч ХХААХҮ-ийн сайдын эрхлэх хүрээний зээл олгодог гурван сантай холбоотойгоор хойшлуулсан. 

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих 500 гаруй тэрбум төгрөг бэлэн байгаа

Салбарын сайд нь гадаадад томилолттой байгаа учраас ирэхээр нь танилцуулах нь зөв гэж шийдсэн юм. Ер нь татан буулгах сангууд байна. Үйл ажиллагааг нь сайжруулах шаардлагатай сан ч байна. Хамгийн гол нь дээрх сангуудын үйл ажиллагааг ил тод болгох шаардлагатай. Нэг сангаас зээл аваад нөгөө санд тушаадаг байдал ч илэрсэн.

Тиймээс олгосон бүх зээлийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэх шаардлагатай байна. Энэ мэтчилэн зохион байгуулалтын ажлыг хийж цэглэх зайлшгүй шаардлагатай олон сан байгаа. Нэлээд хэдэн санг татан буулгана. Энэ талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа дэлгэрэнгүй мэдээлнэ.

-ЖДҮХС-г татан буулгах гэж байгаа учраас төсвөөс мөнгө хуваарилаагүй юм уу?
-Тус сангийн үйл ажиллагаа болохгүй байгаа учраас 2018, 2019 онд төсвөөс мөнгө суулгаагүй юм. Учир нь төсвөөс олгосон мөнгөнөөс зээл олгоод, өмнө нь өгсөн эргэлтийн хөрөнгөнд анхаарал бага хандуулж байсан. Үүнийг цэгцэлсний дараа төсвөөс мөнгө олгохгүй бол үр дүнгүй зүйлд зарцуулчих гээд байсан л даа.

Уг нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд хангалттай их мөнгө бий. ЖДҮХС-д 300 гаруй тэрбум төгрөг эргэлдэж байгаа бол “Жайка”-гийн хоёр үе шаттай 150 сая ам.доллар, Азийн хөгжлийн банкны мөнгө гээд 500 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр бэлэн бий. Үүнийг л зөв ашиглаач гэдэг саналыг Сангийн яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлдчихсэн.

-ЖДҮХС-гийн зээл буух эзэн буцах хаягтай. Харин бусад сангийн хөрөнгө хариуцах эзэнгүй зарцуулсан зүйлс байна гэж яригдсан. Тухайлбал, ямар сангийн хөрөнгө ийм байдалтай байна?
-Шалгалтын дүнгээ ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа нээлттэй дэлгэнэ. Тэр үед нь ямар зөрчлүүд байгааг олон нийт мэдэх боломжтой. Магадгүй бидний олж хараагүй зөрчлүүдийг ч гаргаж ирэхийг үгүйсгэхгүй. Тэр тохиолдолд Засгийн газар шуурхай арга хэмжээ авах байх.

Эх сурвалж: ЗГМ сонин



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна