УИХ-ын гишүүн З.Нарантуяа Конрад-Аденауэр сангийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2019/02/18
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн Зарлагын Хяналтын Дэд хорооны дарга З.Нарантуяа Монгол дахь Конрад Аденауэр сан /КАС/-ийн суурин төлөөлөгч Йоханн К.Фурманныг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн З.Нарантуяа 2019 онд тус суурин төлөөлөгчийн газартай хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлж, өөрийн саналыг уламжлав.

УИХ-ын ирэх хаврын чуулганаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэхээр батлагдсантай холбогдуулан тус хуулиудад УИХ-аас төсвийн зарцуулалт, үр ашигт хяналт тавих механизмыг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Иймд төсвийн удирдлага, үр ашигт, ил тод байдалд улс төрийн нөлөөллийн үнэлгээний судалгааны ажлыг хийхэд хамтран ажиллахыг хүссэн юм.
Мөн иргэдэд Үндсэн хуульд тусгагдсан ардчиллын суурь зарчмууд болох хүний эрх, өмчийн харилцаа, хуулийн засаглал, зах зээлийн нийгмийн чөлөөт өрсөлдөөний талаарх ойлголтуудыг өргөн хүрээнд таниулах шаардлагатай байгаа учраас КАС-г энэ чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Уулзалтын төгсгөлд, Конрад-Аденауэр сангийн Суурин төлөөлөгч Йоханн Фурманн УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн саналыг хүлээн авснаа мэдэгдээд, судалгааны ажлыг гүйцэтгэх, ардчиллын үнэт зарчмыг иргэдэд таниулахад хамтарч ажиллана гэдгээ илэрхийлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна