"Швейцариас ажил хэргийн шугамаар дансны мэдээллийг Монгол Улсад хүлээлгэж өгсөн"

2019/03/19
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Швейцарийн Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг авч ирлээ” сошиалд мэдээлсэн нь ихээхэн дуулиан хэл ам дагуулж буй.

Тэрбээр энэ талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Т.Аюурсайхан мэдээллийнхээ эхэнд "УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарь улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд миний бие багтсан. Энэ ч утгаараа олон нийтэд тодорхой мэдээлэл хийсэн. Энэ мэдээллийн дараа үгүйсгэж, гуйвуулсан зүйл их явж байна. Ялангуяа асуудлын талаар ямар ч ойлголтгүй, оролцоогүй, үүрэггүй, хийсэн ажилгүй хүмүүс ташаа мэдээлэл гаргаж байна. Тиймээс албан ёсны тайлбарыг өгч байна" хэмээн онцоллоо.

Үргэлжлүүлэн "УИХ-ын даргын хийсэн айлчлалын бүрэлдэхүүн Монгол Улсад гуравдугаар сарын 15-ны өдөр ирсэн. Швейцарийн холбооны улсын талаас Монголын талд иргэн С.Баярцогтын оффшор хөрөнгө нийт таван дансаар орж, гарсан гүйлгээний баримтыг хүлээлгэж өгсөн. Энэ мэдээллийг айлчлалын бүрэлдэхүүн авч ирсэн.

Энэхүү мэдээлэл нь холбогдох журмынхаа дагуу Гадаад харилцааны яамаар дамжиж, АТГ-т хүргэгдэж байгаа. Гэхдээ хараахан АТГ-т очоогүй байна гэсэн мэдээлэл байна. Энэ чухал ач холбогдолтой мэдээлэл учраас цаашдаа дарагдахаас сэргийлэх ёстой. Хуулийн байгууллага энэ хэргийг шалгахын тулд олон нийтийн, хэвлэл мэдээллийн хяналтанд байх ёстой.

Гүйлгээ 2008 оны 9 сарын 30-аас эхэлж байгаа. Та бүхэн сайн анзаарвал Оюу-толгойн гэрээний өмнө хийгдсэн гүйлгээ. Нийт таван дансны орсон, гарсан гүйлгээ гэхээр цаанаа өөр олон асуудал агуулж байх чухал ач холбогдолтой асуудал юм.
 
Энэ ажил олон хүний оролцоотойгоор хийгдэж байгаа.  МУ-ын хуулийн байгууллагууд Швейцарийн Холбооны Улсын хуулийн байгууллагауудтай  хамтран ажиллаж, энэ хүрээнд хүлээлгэж өгсөнийг  цохон тэмдэглэх хэрэгтэй” гэсэн юм.

Мөн тэрбээр “Энэ асуудалд улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. Швейцарийн Холбооны Улсын Гадаад харилцааны сайдыг МУ-д айлчлах үеэр нь миний бие хүсэлт тавьж уулзан, араас нь хөөцөлдөж ажилласан. Мөн үүний араас  ТББ-ууд идэвхтэй ажилласаныг онцлох хэрэгтэй.

УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын бүрэлдэхүүнд зорилгоо хэлж хүсэлт тавьж байж орсон. УИХ-ын дарга хүсэлтийг маань хүлээн авч,  дэмжиж айлчлалын бүрэлдэхүүнд авч явсан байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн Пүрэвдорж, О.Баасанхүү нар ташаа мэдээлэл өгсөн байна лээ. Тэд оффшорын асуудалд хуруу байтугай хошуу нэмж байгаагүй.

Дахин хэлэхэд, Швейцарийн Холбооны Улс ажил хэргийн шугамаар дансны мэдээллийг Монгол Улсад хүлээлгэж өгсөн,  айлчлалын хөтөлбөрт байгаагүй.

 Миний бие айлчлалын үеэр холбогдох албаны хүмүүсээс тодруулга хийсэн. Цаашид шаарлагатай мэдээллүүлийг өгөх өд бэлэн гэдгээ илэрхийлсэн” гэлээ.

Т.Хэрлэн
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна