Монгол, Оросын хил орчим хамтарсан махны үйлдвэр байгуулах санал тавив

2019/03/20

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан энэ сарын 13-15-нд Москва хотноо ажлын айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй ОХУ-ын Хөдөө аж ахуйн яаманд хэлэлцээ хийв. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, оросын талаас Хөдөө аж ахуйн орлогч сайд С.Л.Левин, орлогч сайд М.И.Увайдов, Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналтын холбооны албаны орлогч дарга К.А.Савенко болон албаны бусад хүмүүс байлцав.

Ч.Улаан сайд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн нэг, хоёрдугаар үе шатыг амжилттай хэрэгжүүлж дууссаныг тэмдэглэж, хөтөлбөрийн гуравдугаар шатыг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой буйгаа талууд илэрхийлэв.

ОХУ-д мах, махан бүтээгдэхүүний нийлүүлтийг нэмэх чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ Монгол, Оросын хил орчим хамтарсан махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгуулах санал дэвшүүлсэн байна. Хоёр талын нийт бараа эргэлтэд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний эзлэх хувь сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдсэнийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушев онцлов. Уулзалтаар Монгол малын чанарыг сайжруулах зорилгоор ОХУ-аас цэвэр үүлдрийн мал нийлүүлэх, малын удмын санг хамгаалах зорилгоор ОХУ-ын судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтрахаар талууд тохиров.

2019 онд Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариалангийн салбар хөгжүүлсний 60 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, манай хөдөө, аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд оросын мэргэжилтнүүд чухал хувь нэмэр оруулсныг онцлов гэж ХХААХҮЯ-наас мэдэээлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна