Капитал банкийг татан буулгах шийдвэр гарсантай холбогдуулан олон нийтийн дунд үнэн, худал нь мэдэгдэхгүй асар их мэдээлэл цацагдах болов. Иймд уншигчдад үнэн бодитой мэдээлэл хүргэх үүднээс тус банкинд чухам юу тохиолдсон талаар олон талт эх сурвалжаас мэдээлэл цуглуулсаны үндсэн дээр банк татан буугдахад хүргэсэн цаад шалтгааны талаар мэдээллийг хүргэж байна.
Капитал банкны нийгэмд гүйцэтгэж байсан үүрэг, роль юу байв
Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн 1990 оны 9-р сарын 15-нд Төв банкны зөвшөөрөл авч “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк” нэртэйгээр байгуулагдаж байсан анхны арилжааны банк юм. Капитал банк байгуулагдсан цагаасаа нь санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурь, өнгө төрхийг бүрдүүлж бүх аймаг, зарим сум, нийслэлийн дүүрэг, хороодыг хамарсан нийт 79 салбар нэгж, 470 гаруй мэргэжлийн боловсон хүчээрээ дамжуулан 480 гаруй мянган харилцагч аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд банкны бүх төрлийн үйлчилгээг, Төр засгаас олгож буй тэтгэвэр, тэтгэмж, халамжийг иргэдэд хүргэн нийгэм эдийн засагт системийн ач холбогдолтой банкуудын нэг байсан хэмээн эдийн засагчдын зүгээс онцолж байна.
Тус банк нь 2010 оноос эхлэн жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулахад чиглэсэн гадаад, дотоодын болон төр, засгийн төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, Жайка Байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай төсөл, Органик Монгол, Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах төсөл, Орон нутгийн иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах цэвэр бохир усны дэд бүтцийг шийдвэрлэх Мерсикор МОН-23 гэх мэт олон төсөл хөтөлбөрийг идэвхитэй хэрэгжүүлж ирсэн байна.
Мөн үүний зэрэгцээ өнгөрсөн хугацаанд 160 мянга орчим хорооны 39 мянган иргэдэд тэтгэвэр, 130 хорооны 240 гаруй мянган иргэдийн халамжийн мөнгийг сар бүр олгох үйлчилгээг үзүүлж байснаас харахад энэ банк татан буугдахаасаа өмнө нийгэмд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байсныг төвөггүй ойлгож болохоор байна.
Капитал банкийг дампууруулахад нөлөөлсөн дээд удирдлагуудын тушаал гэж юу вэ
Дээр өгүүлсэнчлэн ийнхүү тус банкны үйл ажиллагаа өргөжин тэлж, эрчимтэй хөгжиж байсан 2014-2015 оны үед Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн зарим нэг зүй бус зохисгүй үйлдлийн улмаас тус банкны үйл ажиллагаанд доголдол гарч, өнөөгийн эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэн байна.
Тухайлбал:
1. Хөгжлийн Банк 2015 оны 6-12 сар хүртэл 6 сарын хугацаанд Монголбанкнаас өгсөн чиглэлийн дагуу гэх үндэслэлээр 160 орчим тэрбум төгрөгийн хугацаатай мөнгөн хадгаламжаа тус банкнаас хугацаанаас нь өмнө цуцалж, бүрэн татжээ.
2. Капитал банк нь ажлын байр ихээр нэмэгдүүлдэг Жижиг, дунд бизнесийг дэмжих үндсэн зорилтынхоо хүрээнд дотоод, гадаадын төсөл хөтөлбөрийг идэвхитэй хэрэгжүүлдэг бөгөөд хэрэгжүүлсэн төслийнхөө тоогоор банкны салбартаа дээгүүрт орж байсан байна. Гэтэл 2015, 2016 оны улс орны эдийн засгийн уналтын үед хамгийн их хямарсан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид байснаас тус банкны зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсч эхэлжээ. Түүнчлэн Засгийн газар, Монголбанкны дамжуулан зээлдүүдсэн үнэ тогтворжуулах төслийн хүрээнд олгогдсон 300 гаруй зээлдэгчийн хугацаандаа төлж чадаагүй байсан 130 гаруй тэрбум төгрөгийн зээлийн өрийг Төв банкин дахь тус банкны харилцах данснаас шууд суутган авч байсан нь банкны үйл ажиллагаа хүндрэхэд томоохон нөлөө үзүүлсэн байна.
3. Ийнхүү хэвийн үйл ажиллагаа явуулж байсан банкнаас огцом их хэмжээний эх үүсвэрийг хугацаанаас нь өмнө татуулахаас гадна тухайн үеийн Монголбанкны өмнөх дээд удирдлагууд тушаал гарган банкны зээл олгох, зээлийн хугацаа сунгах, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, баталгаа, батлан даалт гаргах, эх үүсвэр татах зэрэг бүхий л үйл ажиллагааг хязгаарлаж, үндсэндээ банкийг чадваргүйжүүлэх тамирдуулах бодлогыг хэрэгжүүлсэн байна.
4. Монголбанкны өмнөх удирдлагууд хэдийгээр энэхүү тушаалаа “Маш нууц”-ын зэрэглэлтэй гэж гаргасан боловч Төв банкнаас энэхүү мэдээлэл тарснаас үүдэж томоохон зээлдэгч нар зээлээ төлөхөөс зайлсхийж, хадгаламж эзэмшигч нар 190 гаруй тэрбум төгрөгийн хадгаламжийг хугацаанаас нь өмнө Капитал банкнаас татаж, харилцагч нар нь дансаа өөр банк руу шилжүүлэх зэрэг маш их сөрөг үр дагавар, хүндрэл бэрхшээлийг үүсгэх болжээ.
Улмаар Монголбанкны шинэ удирдлага 2016 оны 9-р сарын сүүлээр гарсан тушаалын зарим заалтыг өөрчилж банкны үйл ажиллагаанд дөхөм үзүүлсэн байна. Гэсэн хэдий ч 2018 оны 07-р сард ... тоот тушаалаар Капитал банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүд болон хураагдсан өмчлөх бус хөрөнгийг үнэ буулгаж худалдах зэрэг бүхий л үйл ажиллагаанд нь хориг тавьж дахин хязгаарлалт хийсэн нь банкны үйл ажиллагааг улам доголдуулжээ. Энэхүү шийдвэр нь тус банкны алдагдлыг нэмэгдүүлж харилцагчдын банкинд итгэх итгэл сулруулж, банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлснөөс үүдэн олон эрсдэлүүд нэмж үүсэх нөхцөл бүрдсэн байна.
Эрсдлийн сангийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх Монголбанкны шийдвэр “Капитал”-ыг дампуурал руу түлхжээ
Арилжааны банкуудад хийгдсэн олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Активын чанарын үнэлгээний үр дүн”-ээр Капитал банк 2018 оны дундуур хангалттай үнэлгээтэй шалгагдаж эрсдэлийн санг байгуулахаар төлөвлөж байжээ.
Гэтэл 2018 оны есдүгээр сард Монголбанкны Хяналт шалгалтын газраас ээлжит бус гэнэтийн шалгалт оруулж, энэхүү сан байгуулах дүнг 200 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэнээр банкны алдагдлыг өсгөж, тус банкны үйл ажиллагааг доройтуулахад шууд утгаараа нөлөөлжээ.
Капитал банкны зүгээс энэ мэт эрх бүхий дээд байгууллагын төрөл бүрийн шаардлага, шахалтыг даван гарч банкаа хүндрэлээс гаргахын тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж ирсэн боловч тодорхой дэмжлэггүйгээр хүндрэлээс гарч, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад бэрхшээлтэй нөхцөл байдал үүсэн татан буугдахад хүргэсэн бололтой.
Капитал банкны зээлдэгчид зээлсэн мөнгөө төлөхгүй завших боломж байгаа юу?
Капитал банкны харилцагч, хадгаламж эзэмшигчид тэр дундаа 20,0 сая төгрөгөөс доош дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигч нар хадгаламжийн даатгалын корпорациас мөнгөө ямар ч хохиролгүйгээр авах бүрэн боломжтой талаар Монголбанк мэдэгдсэн.
Учир нь Капитал банк хадгаламж эзэмшигчидийхээ мөнгийг даатгуулж байсан учир хуулийн дагуу тус корпорациас нөхүүлэх боломжтой аж. Банкийг татан буулгасан шийдвэрт ч энэ тухай тодорхой заачихсан байгаа тул ийм хэмжээний мөнгөтэй иргэдэд ямар нэгэн саатал, хохирол учрахгүй нь хэмээн ойлгож болох нь.
Харин 20,0 саяас дээш хэмжээний мөнгийг зээлдэгчийн зээлийг төлүүлэхэд зохих хугацаа шаардагдах нь ойлгомжтой. Учир нь зээлдэгч нарын төлөгдөөгүй зээлийн барьцаанд хураагдсан өмчлөх бус хөрөнгө болох үндсэн хөрөнгө борлогдсон орлогоос төлөгдөж эхлэхээс гадна банкны өөрийн үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг борлуулах замаар ээлж дараатайгаар барагдуулах журамтай аж. Банкны зээл хуулийн дагуу заавал төлөгддөг заалттай тул энэ нь хэн нэгэн зальжин этгээдэд завших боломж олгохгүй гэдгийг эдийн засагч хэлж байна. Харин энэ ажиллагаанд хууль хяналтын байгууллагын хүчийг сайтар ашиглаж аль болох богино хугацаанд төлбөрийг барагдуулахад банкны Эрх хүлээн авагчид онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна