Арга хэмжээний үеэр “Бизнес Эмэгтэйчүүдийн Ментор клуб”-ын Гүйцэтгэх захирал Э.Уянга, Голомт банкны Иргэд, жижиг дунд банкны газрын захирал Ц.Байгалмаа нар гарын үсэг зурсан юм. Ингэснээр Голомт банкны зүгээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа, тэдгээрийн нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулан сурталчлах, мэдлэг, мэдээллээр ханган сургалтын хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээс гадна бизнес эрхлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан мэдээлэл солилцон дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ.
Голомт банкны зүгээс тус холбооны гишүүн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тусгайлан зориулан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн хөтөлбөрийг санал болгож, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг хүргэн ажиллах юм.
“Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор клуб” нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулж, тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн менторын болон бусад сургалт, хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, нийгэмд ээлтэй бизнес, хамтын ажиллагааг цогцлоож, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсын системийн тэргүүлэх Голомт банк нь жендерийн эрх тэгш байдлыг дотооддоо ханган ажиллахаас гадна харилцагчдынхаа жендер, түүнийг дагасан эдийн засгийн хөгжлийн асуудлыг анхааран ажилласаар ирсэн билээ. Манай улсын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 60-аас дээш хувийг хүн амын дийлэнх хэсгийг бүрдүүлэгч эмэгтэйчүүд эзлэн баялаг бүтээж, ажилгүйдлийг бууруулах, эдийн засгийн түлхэх хүч болон нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлсээр ирсэн түүхтэй. Голомт банкны зүгээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин санхүүгийн чадавхийг нь сайжруулах, үйлдвэрлэл үйлчилгээгээ идэвхтэй эрхлэх боломжоор хангахад анхаарал хандуулан ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна