Б.Юмжирдулам ба бөө нарын хэрэг

Zuv.mn
2023/09/25

Өөрийгөө бөө хэмээн нэрлэж, олон нийтийн сүлжээнд лайв хийж танигдсан Б.Юмжирдуламыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тухай мэдээлэл буй. Түүнийг бусдын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. Удган, бөө нартай холбоотой хэргүүд зөвхөн энэ удаад бус урьд өмнө нь гардаг байсан. Баримт сөхье.

Зан үйлээ хийж байгаад нас барав

Бөөгийн зан үйлийн тахилга үйлдэж байгаад шатаж нас барсан харамсалтай хэрэг 2021 онд гарч байв. Тодруулбал, Налайх дүүргийн зургаадугаар хороо, Тэрэлжийн “Мэлхий хад”-ны орчимд бөө нар нийлж зан үйл хийж байхдаа нэг хүн галд шатаж нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүрэгт оршин суух 28 настай Э нь зан үйлийн галын тахилга үйлдэж байгаад шатаж нас барсан нь тогтоогджээ. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж дуусаад хаасан байдаг.

Төрийн тахилгат ууланд бөө нар гал алдав

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг төрийн тахилгат Шилийн богд ууланд хоёр жилийн өмнө  бөө нарын балгаар түймэр гарч байв. Азаар эл түймрийг хэсгийн төлөөлөгч, ЗДТГ-ынхан, нутгийн иргэд, жуулчны баазын ажилтнууд, хилийн 0184 дүгээр ангийнхан нийлж газар авахуулалгүй унтраасан удаатай. Орон нутгийн цагдаагийн байгууллагынхан “Дарьганга сумын нутаг дахь улсын тусгай хамгаалалттай, байгалийн дурсгалт газар болох Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800, өргөн нь 400 метр талбайг хамарсан түймэр гарсныг унтраан шалгаж байна. Гал тавьсан байж болзошгүй хэмээн таван хүнийг саатууллаа” гэж мэдээлж байв. Мөн Улаанбаатар хотоос очсон, нэг машинтай таван хүн бөөгийн зан үйл хийж байгаад гал алдсан талаар өгүүлсэн байдаг. Улмаар хэргийн газраас гэмт этгээдүүдийг  зугтаж явахад нь сумын хэсгийн төлөөлөгч саатуулсан талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байв

Шадивланд гарсан түймрийн хэрэг бөө нартай холбогдлоо

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр  хороо Шадивлан зуслангийн орчмын ногоон бүст 2015 онд мөн л түймэр гарч түмэн олныг сандрааж байв. Түймрийг Нийслэлийн Онцгой байдлын газрын хөдөлгөөнт эргүүлийнхэн илрүүлэн нэмэлт хүч дуудан 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр  ажиллан цурманд оруулсан байдаг.  Тухайн үед гал гарсан шалтгаан нөхцлийг  албаныхан гаргахдаа “Иргэд бөө мөргөлийн шашны зан үйл хийж байгаад энэхүү галыг алдсан” гэдгийг тодотгож байв. Галын улмаас хоёр га газар шатсан байдаг.

Бөөгийн зан үйл үйлдэж өөрийгөө гэмтээсэн хэрэг

Бөөгийн зан үйл үйлдэж байгаад өөрийгөө гэмтээсэн хэрэг  2013 онд нийслэлд гарч байв. Цагдаагийн байгууллагаас  “Цэргийн төв эмнэлэгт гэмтсэн хүн ирж хэвтсэн” гэсэн дуудлагаар очиж шалгахад, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны .... тоотод суух 35 настай эрэгтэй "Э" бөөгийн зан үйл хийж байгаад өөрийгаа хутгаар хоёр удаа хатгаж гэмтээсэн нь тогтоогдсон байдаг. Энэ мэт бөө нарт тохиолдсон олон хэргийг дурьдаж болно. Дээрх хэргүүдийг нэхэн сануулж байгаагийн учир нь дахиад ийм харамсалтай зүйл битгий гараасай гэдгийг сэрэмжлүүлэх зорилготой юм. Бөө нар зан үйлээ хийхдээ болгоомжтой хандаж, өөрийгөө болон өрөөл бусдыг цаашлаад байгаль эх дэлхийдээ учруулж болзошгүй эрсдлийг байнга тооцохыг үүгээр уламжилья.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна