Монголын төрд "Санах ой" гэж байна уу. "Ой гутам" үйлдлээс нь үзвэл үнэхээр алга. Баримт сөхье.
...2015 оны 6-р сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын төрийн өмчит "Мон-Атом" ХХК-ний гүйцэтгэх захирал Э.Галбадрал болон "Ураниум Индастри" ХК-ийн ТУЗ-ийн дарга М.Клэчка нар хамтарсан "МонЧех Ураниум" компани байгуулахаар Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд гарын үсэг зурав.
...2023 оны 6-р сарын 30. Төрийн өмчит “Мон-Атом” компанитай хамтран Дундговь, Сүхбаатар аймгийн нутагт ураны хайгуул, судалгааны төсөл хэрэгжүүлж байсан Чех Улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг Арбитрын шүүхэд өгөхийг санууллаа.
Дээр өгүүлсэн хоёр үйл явдлын хуанлийг хэмжээд үзвэл яг 8 жилийн хугацаа тоологдоно. Арав ч хүрэхгүй жилийн хугацаанд анх юу ярьж, ямар протокол хөтөлж байснаа ч мартчихаж манай төр. Эсвэл мартахыг хүссэн үү. Ямартай ч Төрийн өмчит "Мон Атом" ХХК, Чехийн компани хоёрын дунд үүссэн асуудал Монголыг Олон улсад маш муухайгаар харагдуулж байна.
Харагдуулах, харагдуулахдаа "Монголын нүүрийг гаднын хөрөнгө оруулагчдын өмнө түлж" байна гэсэн үг. Хамгийн гол нь "Болно бүтнэ, хамтаръя" хэмээн төрийн өмчит компани нь гаднын хөрөнгө оруулагчтай гар хөлийн үсэг зурж, итгэлийг нь авч, их хэмжээний хөрөнгө оруулалт хийлгүүлчихээд хэнэг ч үгүй "хаядаг" муухай монгол занд л учир байна.
Өнгөрсөн хугацаанд Бүгд найрамдах Чех Улсын компанийн хувьд Монгол Улсад 310 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихэж. Мэдээж тэдний хувьд хийж буй хөрөнгө оруулалт нь үр дүнгээ өгч, ажил нь зогсолтгүй үргэлжилнэ.
Итгэл үнэмшлийн хувьд төрийн өмчит компанитай нь хамтарч байгаа болохоор асуудалгүй хэмээн санасан хэрэг. Гэвч Монголын төр замын дундаас нүүр буруулж, нэг ёсондоо сүүлээ хавчаад зугтчихсан гэсэн үг.
Учир нь Чехийн компанитай хамтарч хэрэгжүүлэх энэ төсөл нь олны хэл аманд өртөж, цөмийн эрчим хүч, ураныг эсэргүүцэгчийн тэмцэлтэй нүүр тулсан болохоор тэр. Мэдээж уул уурхайн төслийг дагасан экологийн асуудал хурцаар яригддаг.
Гэхдээ үүнийг тооцож, төлөвлөх нь төрийн өмчит компанийн үүрэг мөнүү гэвэл, мөн. Түүнийхээ үндсэн дээр ч гаднын хөрөнгө оруулагчидтай хамтарч, хамаг хөрөнгийг нь хуу хамахаасаа өмнө хэрэгжүүлэх төсөл, хийх ажлынх нь үр дагаврыг тооцох ёстой. Гэвч манай "Мон-Атом" тэгсэнгүй. Түүнийх нь хор уршиг өнөөдөр гарч байна.
300 гаруй тэрбумын хөрөнгө оруулалтаа Монголын "салхинд хийсгэчихсэн" Чехийн "Ураниум Индастри" ХК Олон улсын Арбитрын шүүхэд Монголыг өгөх нь тодорхой болоод байна. Хэрвээ Монгол Улс Арбитрын шүүхэд ялагдвал ямар их өр төлбөрт унахыг мэдэж байна уу. Мэдээж тэр төлбөрийг "Мон-Атом" ХХК хариуцахгүй. Төсвийн мөнгөөр л барагдуулна.
Төсвийн мөнгө хэний мөнгө вэ. Татвар төлөгч та бидний л мөнгө. Ийм энгийн логикийг ухаж ойлгох ухаан манай төрийн өмчит компанид алга. Залгамж чанар, ой санамж гэж бүр байхгүй. Наймхан жилийн өмнө хийж байсан хамтын гэрээгээ өнөөдөр хариуцах ч эзэнгүй хаячихаж.
Эцэст нь энэ бүхний золиос болсон Чехийн хөрөнгө оруулагчид Арбитрын шүүхээр явахаас өөр аргагүйд хүрснээ албан ёсоор зарлачихлаа. Залхаан цээрлүүлэлт гэх үү, завхарсан жишиг ч гэх үү Монголын төрийн өмчит компанийн энэ бүдүүлэг үйлдэл гаднын хөрөнгө оруулагчдыг Монголоос үргээх маш том хар толбыг үлдээж орхилоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна