Газын зурвас там болж хувирах уу

Х.Батсайхан
2023/10/10

ХАМАС бүлэглэлийн гэнэтийн дайралтаас болж уурлаж хилэгнэсэн Израиль улс Газын зурвасыг бүхэлд нь бүсэн хааж, юу ч оруулахгүй гэж мэдэгдлээ. Пуутжингийн цохилт анх өгсөн энэ сарын 7-ны өдөр л Израиль улс Газын зурвас руу эрчим хүч нийлүүлэхээ зогсоосон бөгөөд улмаар бүх гарцыг хааж, өргөн хэрэглээний бараа, эм эмийн  бүтээгдэхүүн гээд бүх таваарыг оруулахаа зогсоосон байна. Израиль өмнө нь “Эрх чөлөөний флотиль” буяны байгууллагын хөлөг онгоцыг живүүлсэн асуудлаас болж Газын зурваст хувцас оруулахыг болин оршин суугчдыг нь нүцгэлэх шахаж байсан удаатай. Тэгвэл энэ удаа байдал илүү эгзэгтэй болжээ.  

Европын холбоо, түүний дотор Герман улс мөн палетинчуудад үзүүлэх тусламжаа зогсооно гэж мэдэгдсэн. Өчигдөр ХАМАС бүлэглэл "Эвлэрэх санал" гаргасан ч Израиль "Дайтна" хэмээн эрс хариулаад буй. ХАМАС ч мөчөөгөө өгөлгүй дахин пуужин харвана гэж заналхийлжээ. Ингэснээр Газад оршин суудаг палестинчуудын амьдрал там болж хувирах нөхцөл бүрдээд байна.

ГАЗЫН ЗУРВАСЫН ТУХАЙ      

Газын зурвасын талаар чөлөөт нэвтэрхий толь Визипедиад дараах мэдээллийг монгол хэлээр оруулжээ. 

"Газын зурвас бол Газар дундын тэнгисийн зүүн эрэг дэх, хэсэгчлэн хүлээн зөвшөөрөгдсөн Арабын Палестин улсын нутгийн хоёр хэсгийн нэг юм (Баруун эргийн нутаг дэвсгэрийн хамт). Газын зурвас нь ойролцоогоор 40 км, өргөн нь 6-12 км. Нийт талбай нь 360 км² орчим бөгөөд Нийслэл хот нь Газа юм.

Зүүн ба хойд талаараа энэ нутаг нь Израил улстай хиллэдэг бөгөөд хяналтын цэгүүдтэй тусгаарлах хашаагаар тусгаарлагддаг. Харин баруун өмнөд хэсгээрээ Египеттэй хиллэдэг бөгөөд тэндээсээ бетонон ханагаар тусгаарлагддаг ажээ.

НҮБ-ын 1947 оны Палестины газар нутгийг араб болон еврей гэсэн хоёр улсад хуваах Төлөвлөгөөний дагуу "Газын зурвас" нь Арабын улс байгуулахад зориулсан нутаг юм. Энхүү НҮБ-ын шийдвэрийн дараа Араб-Израилын 1948-1949 оны дайн болсон юм.


Энэ нутаг 1948 - 1967 онуудад Египетийн хяналт дор байсан.

1967 онд болсон "Зургаан хоногийн дайн"-ы үр дүнд Газын зурвас нутаг 2005 он хүртэл Израилын хяналтад байсан.

2005 онд Израил тус нутгаас цэрэг, оршин суугчдаа гаргаж, 2007 оноос эхлэн ХАМАС исламын хөдөлгөөнийхөн тус нутгийг хяналтдаа авчээ.

Өнөөгийн байдлаар АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлж буйгаар 1,9 сая хүн Газын зурваст оршин сууж байгаа ажээ.

Газын зурваст усан боомт байдаггүй тул зөвхөн Египет, Израил хоёроос хуурай замаар тээвэр хийдэг байна.

Ямар ч улс албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй боловч Палестины эрх баригчид Палестины нутаг дэвсгэр хэмээн 2006 онд зарлаад байгаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна