АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден маргааш буюу аравдугаар сарын 18-ны өдөр Израилд айлчилна гэсэн мэдээллийг олон улсын хэвлэлүүд түгээж эхэллээ. Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнөөдөр энэ талаар мэдэгдсэн байна. Жо Байдены айлчлалын гол зорилго нь холбоотон гэдгээ харуулж, израильчуудад сэтгэлийн дэмжлэг өгөх явдал гэж Э.Блинкен тодорхойлжээ. Жо Байден айлчлалынхаа үеэр Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаньяху болон бусад удирдагчидтай уулзах гэнэ.
Уулзалтаар Газад явуулах байлдааны ажиллагааг хэрхэн зохион байгуулах, энгийн номхон иргэд бага хохирох боломжийг хэрхэн бүрдүүлэх, түүнчлэн, Газа хотын иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг ХАМАС-т ашиггүй байдлаар зохион байгуулам боломж зэрэг асуудлыг голчилж ярилцах юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Израилаас гадна Египетэд айлчилж магадгүй аж.
Дашрамд, Израилийн арми Газын зурваст цэрэг оруулахаар завдаж, оршин суугчдыг өмнөд дэх аюулгүй хэсэг рүү орон гэрээ орхиж дүрвэхийг уриалсан бөгөөд одоогоор сая гаруй палестинчууд уриалгын дагуу орон гэрээ орхин дүрвэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна