“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаарх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Х.Есү
2024/01/17

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан (2024.01.16) үдээс хойно болж, ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Нүүрсний сонсгол”-ын тайлан зэрэг 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар явуулах үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ч.Ундрам, Д.Батлут нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ногдол ашиг тараах эсэх, тус компанийн өр төлбөрийн талаар асууж, тус тогтоолоор зохицуулагдах боломжгүй зарим асуудлыг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлд тусгаж шийдвэрлэх талаар саналаа хэлсэн байна.


Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, иргэдэд олгосон хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцаанд ногдох ашгаас компанийн өр төлбөрийг барагдуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.


Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэхдээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1.3 их наяд, 2023 онд 3.0 их наяд төгрөгийн ашигтай ажиллахын 2.0 их наяд төгрөгийг 3.5 сая иргэндээ ногдол ашиг болгож өгвөл нэг хүнд 580 000 төгрөг ногдоно гэж одоогоос сарын өмнө Байнгын хорооны хурал дээр хэлж байсан хэмээгээд, үүнийг цалин, тэтгэвэр нэмэхтэй зэрэгцүүлэн олговол эдийн засагт доргилт өгөх магадлалтай тул цагаан сарын өмнө өгөх ёстой гэсэн шаардлага тавьж байгаагаа дурав. Тэрбээр, 2022 оны ашиг 120 000 гаруй төгрөгийг цагаан сарын өмнө, 2023 оны ашиг 450 000 гаруй төгрөгийн ногдол ашгийг дөрөвдүгээр сарын сүүлээр өгөх нь зүйтэй гэж үзэж байна гээд ногдол ашгийг дутуу олговол үлдэх хэсгийг хэн хулгайлж, луйвардаж байгаа тухай асуудлыг ярина гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа төрийн өмчит компаниуд, байгалийн баялагт хулгай, луйвар нүүрлэж, ашиг, орлогыг үр ашиггүй зарцуулж байгааг дурдаад, иргэдийн хувьцааны ногдол ашгийг олгох, хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, уул уурхайн салбар биднийг тэжээж байгаа тухай дурдаад, байгалийн баялгийн өгөөж, орлогыг үр ашиггүй, хууль бус, луйврын төслүүд рүү оруулж, хулгайлсны нэг хэсэг нь “нүүрсний хулгай” шүү гэсэн юм. Тэрбээр 1072 ширхэг хувьцаа хэзээ бодитой хувьцаа болох вэ гэсэн асуулт тавьж, компанийн өр шир ямар байгаа болон цаашид тогтвортой авч явах талаар ямар анхаарал тавьж байгааг асууж хариулт авсан юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал С.Наранцогт үүнд, компани жилдээ 1.0 их наяд орчим төгрөгийн өр барагдуулж байгаа талаар дурдаад, өнөөдрийн байдлаар 4.0 их наяд төгрөгийн өр төлбөртэй хэмээн хариулсан юм. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд авлага боловч бусад төрийн өмчит компаниудад өр төлбөр болсон 4.9 их наяд төгрөгийн асуудал байгааг дурдав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа халамжийн данс болсон, сонгуулийн дөхөхөөр халамжийн дансандаа мөнгө хийдэг болсон хэмээн шүүмжлээд, Үндэсний баялгийн сангийн хуулиар энэ алдаа завхралыг засаж залруулах асуудал яагаад орж ирэхгүй байгааг асуусан юм. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулган зарлаж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлах ёстой гэсэн юм.

1072 ширхэг хувьцааны асуудал эмх замбараагүй болж, ойлгомжгүй олон асуудал хуримтлагдсаныг энэ тогтоолоор шийдвэрлэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам тодруулан тайлбарлаад, цаашид өмчийн харилцаанд орох боломжтой болж байгааг онцлов. Ногдол ашиг хуваарилах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийлээд, үүнийг компанийн ТУЗ зөв зүйтэй шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна