Цахим ертөнцөөс хамааралтай болох өвчтөнүүд буюу "Сошиал солиотнуудыг цэгцлэх шаардлага"

Х.Батсайхан
20 цаг 36 минутын өмнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага видео тоглоом, цахим ертөнцөөс хэт хамааралтай болохыг өвчин гэж үздэг. ДЭМБ-аас шинээр бий болсон өвчнүүдийг тодорхойлж, хэдэн жилдээ нэг удаа өвчний жагсаалтыг шинэчлэн гаргадаг. Энэ жагсаалт, товхимолын 2018 онд гарах 11 дэх удаагийн хэвлэлтэд видео тоглоом, цахим ертөнцөөс хамааралтай болохыг “Сэтгэцийн эмгэг өвчин” хэмээн албан ёсоор оруулсан байна.

Жагсаалтыг үүнээс өмнө хамгийн сүүлд 1992 онд гаргасан бөгөөд түүнээс хойших 26 жилд хүн төрөлхтөнд учирсан шинэ өвчнүүдийг энэ жагсаалтад хэвлэжээ. 

Энэ мэдээллийг интернэт орчинд маш уур, бухимдалтай хүлээж авсныг хэлэх хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг газар дор ортол муулсан, ёжилсон, тохуурхсан сэтгэгдлүүдийг маш их бичсэн. “Видео тоглоом тоглодоггүй хүн гэж хаана байгаа юм бэ”, “Би өвчтэй хүн юм байна л даа”, “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага юу хийж байгаагаа мэдэхгүй байна” гэх зэргээр шүүмжилсэн юм.

Орчин үеийн амьдрал технологиос ангид орших боломжгүй нь тодорхой. Интернэтэд холбогдоогүй улс орон үгүй болж, видео тоглоом тоглодоггүй, олон нийтийн сүлжээнд хаяггүй хүн цөөрч буй. Энэ бол бодит баримт. Тийм ч учраас цахим ертөнцийн хэрэглэгчдийн цөөн хэсэг нь уурлаж бухимдаж хүлээж авсан болов уу. 

Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага алдаа гаргасан уу гэвэл үгүй. Зохистой хэрэглээг үгүйсгээгүй, харин цахим орчинд хэт автаж, бодит байдлаас тасрах нь сэтгэцийн эмгэг мөн, нэг төрлийн өвчин юм гэдгийг л хүлээн зөвшөөрсөн хэрэг. 

Цаана нь олон жилийн судалгаа, ажиглалт, энэ өвчнөөр өвчилсөн олон мянган өвчтөн, бодит фактууд байгаа нь мэдээж. 

Видео тоглоом хөгжиж, тоглоход зарцуулах цаг хугацаа нь уртсан бодит ертөнцтэй адилхан болж байна. Тоглоом бүтээгчдийн уран сэтгэмж өсвөр үеийнхнийг соронз мэт татаж, энэ бизнест эргэлдэх хөрөнгийн хэмжээ жил бүр өссөөр. Интернэт, олон нийтийн сүлжээ нэг хэсэгт нь харилцаа холбооны хэрэгсэл, үзэл бодлоо илэрхийлэх, солилцох хэрэгсэл болж байхад нөгөө хэсэг нь харгис хахир, ядуу тарчиг ертөнцөөс хэсэгхэн ч болтугай ангижрах, уур бухимдлаа тайлах талбар гэж харж байна. 

Facebook, Twitter зэрэг нийгмийн сүлжээ нь монголчуудыг нийтэд нь хамарсан сэтгэл гутрал гэдэг таагүй өвчнийг эмчилж байгаа нь нууц биш. Ялангуяа үзэл бодол нь төлөвшиж амжаагүй өсвөр үе хэт автах эрсдэлтэй.


Цахим ертөнцөд бодит ертөнцийн хүмүүсийг татах “асар том” гэж тодорхойлж болохоор хоёр давуу тал бий. 

Нэгдүгээрт, цахим ертөнц нийгмийн гарал, хөрөнгө бэл ялгалгүй хүн бүрт нээлттэй байдаг. Монгол Улс хүн амд эзлэх интернэт хэрэглэгчдийн тоогоор дэлхийд дээгүүр ордог. Улс орныг интернэтжүүлэх, үнийг хямдруулах, үнэгүй болгоход чиглэсэн ажлууд хийгдсээр байна. Тэр ч утгаараа цахим ертөнц монголчуудын өмнө үүд хаалгаа жилээс жилд, өдрөөс өдөрт улам өргөнөөр нээж байгаа гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. 

Хоёрдугаарт, “Лидерийн орон тоо ихтэй” учраас хүмүүс, ялангуяа өсвөр насныхныг донтуулах магадлал өндөр. Монгол Улсад Ерөнхийлөгч нэг, Ерөнхий сайд нэг, УИХ-ын дарга нэг бий. Сайд 20 гаруй, Аймгийн Засаг дарга 21, хотын дарга нэг гэх мэтчилэн. Эдийн засгийн эрх чөлөөнд хүрч, супер амжилт мэдэрсэн бизнесмэн босгыг нь доошлуулж “Монгол хэмжүүрээр” хэмжиж байж гэмээ нь 100 хүрэх үү, үгүй юу л байгаа. Эсрэгээрээ, жирийн монголчуудын 30 гаруй хувь нь ажилгүй, талаас илүү нь ядуу.

Ажил хийж байгаа ч ирээдүйдээ итгэлгүй хүмүүсийн тоог багцаагаар гаргахад ч бэрх, олуулаа. Ийм хүмүүс хэчнээн хичээгээд дарга сайд, бизнесмэн болоход хэцүү. Байгаа байдалдаа сэтгэл дундуур яваа ийм нөхдүүд нийгмийн сүлжээнд орохоороо “Төрөл арилжина”. Нуугдаж байгаа учир баян залуу, даргын дүр эсгэж болно. 

Янз бүрийн зураг, бичлэг хийж тавиад лайк, коммент цуглуулахад бусдад хүндлэгддэггүй юм гэхэд яригдаж, амьдрал дээр эдэлж байгаагүй таашаалыг авах болно. Нэгэнт танигдсан байхад дараа нь давуу талаа харуулахад сайны дээд болох боломжтой.  

Амьдрал дээр хэн ч биш байж болно, харин цахим ертөнцөд бол тэр ХААН. 

Хаан болсон яадаг вэ. Харъяат нарынхаа тоог нэмэхийг цаг үргэлж эрмэлзэнэ. Цахим ертөнцдаа татах, илүү олон цагаар бархиын тулд хүссэн юмыг нь өгнө. Тэр нь, өнөөгийн Монголд харамсалтай нь, ихэнх хүмүүсийн харахахыг хүсдэг тэнэглэл гаж зүйлс байж болно. Ямар контент хандалт авдаг вэ, тэрийг л тэд хийнэ. Энэ нь нийгэмд муу нөлөө үзүүлэх ч сошиал хаадад бол ашигтай учраас тэд зогсохгүй. 

Ийм л учраас нийгмийн байдалдаа сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс тоглоом, нийгмийн сүлжээнд ихэд шимтдэг гэсэн судалгаа байдаг юм байна. 

Энэ өвчнөөр өвдсөн хүн бодит ертөнцөөс хөндийрч, цахим ертөнц рүүгээ илүү тэмүүлдэг, улмаар сэтгэцэд нь өөрчлөлт орж, хоёр ертөнцөө хооронд нь хольж хутгадаг, цаашлаад галзуурдаг. Хамгийн аюултай нь, өвчинд нэрвэгдэж эхэлж байгаагаа өөрөө мэдэхгүй, хажуугаас нь хүн хэлэхэд уурлаж бухимдаж, үгүйсгэдэг байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг цахим ертөнцийн иргэд бухимдаж хүлээж авсан шиг манай цахим ертөнцийн гэж хэлсэнд эгдүүцэн бухимдах байх.

Гэхдээ “Би яг одоо жорлондоо хүндрээд сууж байна”, “Давсгаа суллаад сайхан болчихлоо” гэсэн “жиргээ”, тавагтай хоолныхоо зургийг гялс аваад фэйсдээ хийж “Хоолоо идэж байна” хэмээн мэдээлэх хүн аажмаар ч гэсэн олширч байгаа нь хүмүүс цахим ертөнцийг ашиглах биш, бүр дотор нь амьдрахыг хүсч байгаагийн шинж ч байж мэднэ. 

Сошиалд донтсон хүний амьдрал бодит байдал дээр уруудан доройтдог, энэ хэрээр цахим ертөнцдаа татагдана. 

Сошиал ертөнц холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг давуу талтайг үгүйсгэхгүй. Гэхдээ эрсдэл бий. Нийгмийн сүлжээ бол хүмүүсийг цахим ертөнцөд нэгтгэн зангидаад, бодит ертөнцөд цохилт өгч болдгоороо илүү болгоомжлууштай байдаг. Магадгүй, Монголд ч цахим ертөнцийг ашигласан ийм туршилтууд явагдаж, хэрэгтэй цагт тушаал өгөхөд шууд гарахад бэлэн (төрийн эсрэг турхирах гэх мэт) “цэрэг армиа” бэлтгэж (цахим орчин дахь тархи угаалт) байгааг үгүйсгэх аргагүй.

Уншигч Та ч гэсэн нийгмийн сүлжээнд аажмаар уусан шингэж байгаа, үүнийгээ мэдэхгүй явж байж мэднэ. Тиймээс та яг одоо цахим ертөнцөд хэдэн цаг зарцуулдагаа эргэцүүлээд нэг бодоорой. Үйл хөдлөл болгоноо цахим ертөнцөд зарлан тунхагладаг “Хоёр ертөнцийн иргэн“ битгий бол. Компьютер, нийгмийн сүлжээнд хүн сүүлдээ яг л хар тамхинд донтдог шиг тэмүүлдэг гэж байна. 

Өнөөдөр монголчууд өдөрт хэдэн цагийг цахим орчинд өнгөрүүлдэгийг тогтоох судалгаа, бариад авах баримт алга. Тийм болохоор ч тоо баримт багатай цулгуй бичлэг болж байна. Гэхдээ одооноос энэ талаар судалгаа хийж, иргэддээ учирсан эрсдэлийг тооцох ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна. Хамгийн олон хэрэглэгчтэй “Фэйсбүүк” компани он гарснаас хойш хэрэглэгчдийн онлайн байх хугацааг бууруулах арга хэмжээ авч эхэлсэн нь ДЭМБ-ын шийдвэртэй логик утгаараа тохирч байна. Хэрэглэгчдийн зарцуулах хугацаа өдөрт 50 сая цагаар буурч, хувьцааных нь ханш унасан ч Марк Цукерберг “Энэ бол сайн зүйл, бид хэрэглэгчдээ фэйсбүүкт зарцуулах цагаа багасгаж, гэр бүл, найз нөхөдтэйгөө эрүүл харилцаа тогтоохдоо хэрэглэдэг байгаасай гэж хүссэн” гэж мэдэгдсэнийг анхаарахгүй өнгөрч боломгүй юм. 

 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна