“Нэгдүгээр тойрог зам” төслийн бүтээн байгуулалт нь ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтөд нийцүүлж, байгаль орчин, хүн амын амьдралын чанарт эергээр нөлөөлөх эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэнэ.
Тухайлбал, Улаанбаатар хотод төсөл хэрэгжээгүй үед тээврийн хэрэгслийн түгжрэлийн нөлөөгөөр өдөрт 35.9 кг тоосжилт үүсэж байсан бол төслийн үр дүнд энэ үзүүлэлт 239 дахин буурах тооцоолол гарчээ. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх замаар автомашинаас ялгарах SO₂, NOx, PM2.5 гэх мэт утаа, хорт хийн үзүүлэлт эрс багасна.
Төсөл хэрэгжихээс өмнө зүлэгжүүлэх талбай 14.5 мян.м2 байсан бол төслийн хүрээнд 16.6 дахин нэмэгдүүлж, 256.4 мян.м2 болгох тооцоолол гарчээ. Хүнд даацын тээврийн хэрэгслүүд хот доторх авто замын хөдөлгөөнд оролцох нь багасна. Ингэснээр тоосжилт, дуу чимээний бохирдол буурах эерэг талтай бөгөөд ялангуяа нийгмийн дэд бүтцийн ойролцоох хүнд машины нэвтрэлт багассанаар орчны дуу чимээ, доргилт буурах тооцооллыг гаргажээ.
Тухайлбал, ногоон байгууламжийн төслийн замд үзүүлэх нөлөөг 23.3 дахин, агаар цэвэршилтийг 1053.9 дахин, дуу чимээ бууралтыг 25.9 дахин, хөрсөнд өгөх чийгшилтийг 10 дахин, агаарт өгөх чийгшилтийг 10 дахин, нарны хэт төөнөлтийн бууралтыг 21.5 дахин, хөрсний элэгдлийн бууралтыг 40.2 дахин, хог хаягдал зөөвөрлөлтийг 6.7 дахин нэмэгдүүлэх зэрэг үр нөлөө гарах судалгааг салбарын мэргэжилтнүүд тооцоолоод байна.
Төслийн хүрээнд нийт 3029 нэгж талбарыг чөлөөлнө. Ингэснээр 3000 орчим янданг хэрэглээнээс халж, байгаль орчинд эерэг нөлөөллүүдийг үзүүлэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна