“Зогсож байгаа морьд” үзэсгэлэнд морилон саатаарай

Zuv.mn
2 цаг 16 минутын өмнө

Зураач, барималч Монхорын Эрдэнэбаярын “ Зогсож байгаа морьд” үзэсгэлэн ХААН галерейд нээгдэж, олны хүртээл болоод удаагүй байна.

Монголын дүрслэх урлагийн орчин үеийн өнгийг тодорхойлж буй уран бүтээлчдийн нэг М.Эрдэнэбаярын уран бүтээлүүдэд үргэлж давтагдан гарах гол сэдэв нь морь бөгөөд ердийн мал амьтан гэхээс илүүтэйгээр монгол хүний сэтгэлгээ, ухамсрын бэлгэдэл болгон дүрсэлдэг.  Ингэснээр Монголын уламжлал, соёл, орчин цагийн нийгмийн хоорондын заагийг урлагийн хэлийг ашиглан илэрхийлж чаддаг өвөрмөц сэтгэлгээтэй уран бүтээлч юм.

Энэ талаар Азийн урлагийн мэдээ сэтгүүлд “Монголын уламжлал, нийгмийн олон талт байдлыг зангидаж чадсан, орчин үеийн түүх бүтээгч хүчирхэг дуу хоолой хэмээн үнэлсэн байдаг. Мөн монголчуудын хувьд морь бол гүн ухаан, шашин, уламжлал, оюун санааны салшгүй хэсэг төдийгүй Эрдэнэбаярын уран бүтээл энэхүү өвөрмөц соёлын мөн чанарыг орчин үеийн урлагийн хэлээр чадварлагаар буулгаж байгааг онцлон тэмдэглэжээ.

Түүний бүтээл мөн өвөрмөц техник ажиллагаа, өнгөний шийдлээрээ ялгардгаас гадна зөвхөн өнгө будгаар хязгаарлагдахгүй, шинэ материал, хэлбэр, орон зайг туршин эрэлхийлж эхэлсэн. Байгалийн гаралтай элементүүд, мод бүхий материалыг бүтээлдээ шингээсэн нь нэг талаар судалгаа, нөгөө талаар гүн ухааны илэрхийлэл болтол нь өргөжүүлжээ. Эрдэнэбаяр уран бүтээлдээ өөртөө өндөр шалгуур тавьдаг нь түүний зургийн чанар, уран сайхны гүнзгий түвшинд илт мэдрэгддэг. Энгийн мэт харагдах бүтээлүүд нь анхааралтай ажиглавал гүн ухаарал, нарийн бэлгэдэл, дотоод сэтгэлийн хөдөлгөөнөөр дүүрэн байдаг.

Түүний уран бүтээлүүд зөвхөн Монголдоо төдийгүй АНУ, Энэтхэг, Тайланд, Сингапур, БНХАУ, БНСУ, Швейцарь, Хонконг, Камбож зэрэг улсад бие даасан үзэсгэлэн болон олон улсын хамтарсан үзэсгэлэнд дэлгэгдэж, Монголын орчин үеийн урлагийн төлөөлөл болж чадсан нь бахархал төрүүлнэ.

“Зогсож байгаа морьд” үзэсгэлэн 9-р сарын 29-ний өдрийг дуустал ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейд ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй нээлттэй бөгөөд урлаг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна