Монголын Үндэсний Бөхийн Холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсэж, цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслахаар зохион байгуулсан“Малчин түмэндээ тусалъя” хандивын Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан амжилттай сайхан болж өндөрлөлөө. Уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.
Дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харьяат, Алдар спорт хороо, Булганхангай дэвжээний бөх, аймгийн арслан Н.Намнансүрэн, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Очирням” ХХК, “Хүннү Шоес” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа.
Наймд улсын заан Д.Анар, улсын начин Д.Амаруаргал, аймгийн арслан Т.Довчинсэмбээ, аймгийн арслан Л.Энхсаруул нар үлдэв.
Энэхүү барилдааны үеэр үзэгчдээс АВТОМАШИНы азтан нэг, бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан үзэх эрхийн бичгийн азтан гурвыг тус тус тодруулсан бөгөөд бөх үзэх эрхийн бичгийн азтанаар ..Нарангарав, Ховд аймгийн Булган сумын харъяат Б.Ууганбаяр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ц.Ганбат нар тодорсон бол супер азтан буюу Автомашины эзнээр Увс аймгийн Өлгий сумын харьяат, О.Лутсайхан тодорч Япон суудлын автомашины түлхүүрээ гардаж авлаа.
Барилдааны бүх орлогыг нэгтгэн нээлттэй танилцуулж, Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд бөхийн өргөөнд хүрэлцэн ирж хандив өргөсөн бөхийн дэвжээд, бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, дэмжигч, үзэгчдэдээ бүгдэд нь МҮБХ-ноос батламж гардуулсан юм.
Энэхүү барилдааны шууд дамжуулалтын үеэр телевизийн эфирт байршуулсан МҮБХ-ны дансанд чин сэтгэлийн хандиваа харамгүй илгээсэн үзэгч олон болон хүрэлцэн ирж хандив өргөсөн бөхийн дэвжээд, бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, дэмжигчид, өнөөдрийн барилдаанд зодоглож давааны мөнгөө хандивласан бөхчүүд, ажлын хөлсөө хандивласан жаяг дэгийн багийнхан, тасалбар худалдан авч бөхөө үзэнгээ хандивт оролцсон үзэгчид та бүхэндээ бүгдэд нь ГҮН ТАЛАРХАЛ илэрхийлье.
Мөн хамтран ажиллаж, тус барилдааныг эх орон даяар шууд дамжуулсан “TV9” телевиз, Үндэсний олон нийтийн радио телевиз, Үндэсний “Малчин” телевизийн хамт олондоо баярлалаа.
Удахгүй Хандивын барилдааны дэлгэрэнгүй тайланг хүргэх болно.
Маргааш буюу 03-р сарын 02-ны 13:00 цагаас Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болох бол 03-р сарын 03-ны ням гарагт 13:00 цагаас болох Монгол Улсын начин Д.Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна