Канадын Торонто хотноо 91 дэх жилдээ Олон улсын ашигт малтмал, уул уурхайн PDAC-2023 чуулган ням гаригт (2023.03.05)эхэлнэ. Тус чуулганд өндөр ач холбогдол өгч УУХҮЯ, МУУҮА-аас хамтран “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг нээж Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд үг хэлнэ. Үүний дараа УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Монгол орны ашигт малтмалын нөөц, бололцоо” сэдэвт илтгэлдээ Монгол Улс ГШХО татах гол салбар уул уурхайн бодлого, эрх зүйн шинэчлэл, боловсруулах үйлдвэр болон төмөр зам зэрэг амжилттай хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт, ялангуяа геологи хайгуулын салбарыг хөрөнгө оруулагчдад нээхэд зорилт, ажил хэргийн талаар мэдээлэл хүргэнэ.
Дэлхийн цэвэр эрчим хүч, ногоон шилжилтийн чиг хандлагаар манай улсад металл, критикал минералын төслүүд идэвхжиж буй энэ цаг үед PDAC-2023 чуулган болж буйгаараа онцлогтой. “Монголын өдөр”-өөр Монголд бодитой хэрэгжиж байгаа ашигт малтмалын төслүүд, тэр дундаа хайгуулын болон олборлолтын шатанд шилжих гэж буй металлын төслүүдийг түлхүү танилцуулахаар хөтөлбөрт багтжээ.
Цөөнгүй жил бэлтгэж, бүтээн байгуулж ирсэн Оюутолгойн гүний уурхай олборлолтод бэлэн болж, гуравдугаар сарын 13-нд албан ёсоор эхлэх тухай “Оюутолгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал Жак ван Тондер мэдээлнэ. Түүнчлэн, 2027 оны сүүлчээс зэс-алтны анхны олборлолтоо эхлүүлэх Хармагтайн төслийг явцыг “Занаду Майнз” компанийн Хайгуул хариуцсан дэд ерөнхийлөгч Эндрю Стюарт “Монгол орноос дэлхийн хэмжээний ашигт малтмалын ордуудыг илрүүлэх, тодорхойлох” илтгэлдээ танилцуулна.
Монгол оронд батарейн ашигт малтмалын хайгуул хийх боломжийн талаар “Asian Battery Minerals” компанийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир илтгэнэ. “Цогш” компани хэрэгжүүлж байгаа никель, кобальтын хайгуулын төсөл “Монголын өдөр”-ийн сонирхолтой, шинэлэг мэдээллийн нэг. Бас нэгэн шинэ төсөл Цахиртолгой алтны үндсэн ордыг “Апро”компанийн ерөнхий геологич Ц.Баярсайхан танилцуулах бөгөөд уг төслийн хайгуулын шатанд хөрөнгө оруулалт татахаар зорьж байна.
Мэдээж, Монголд 20 жилийг хайгуул зарцуулж нээсэн өндөр агуулга бүхий алтны шинэ нээлт, ММС-тэй байгуулсан стратегийн түншлэл болон “Баян хөндий” төслийн хөгжүүлэлтийн талаар “Эрдэнэ Ресурс Девелопмент” корпорацийн ерөнхийлөгч Петер Акерли захирлын танилцуулга гол илтгэлийн нэг байх болно. "Хан Алтай Ресурс" компанийн ТУЗ-ийн дарга Б.Гантулга “Монгол Улсад алт олборлолтыг өргөжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх” сэдэвт илтгэлдээ Хан Алтай үндсэн ордын төсөл идэвхжээд байгаа явцыг мэдээлнэ. “Алт-2” хөтөлбөр төслүүдэд ямар ашиг тустай болохыг алтны төсөл хэрэгжүүлж буй “Степ голд” компанийн Гүйцэтгэх захирал Дэд Ерөнхийлөгч Aнеел Варайч хөндөх юм.
Канадын Уул уурхайн ассоциацийн Эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт хариуцсан дэд Ерөнхийлөгч Фотини Куцавлис Монголын өдөрлөгт оролцож, хариуцлагатай уул уурхайн кодекс, төр хувийн хэвшил хэрхэн үр өгөөжтэйгөөр, үр дүнтэй хамтран ажилладаг туршлагаас хуваалцана.
Монголын хөрөнгө оруулагчдын арга хэмжээний үндсэн хэлэлцүүлгийн чиглүүлэгч Брайон Вилферт нь Honourable хэмээх хүндтэй цол хэргэмтэй, Канадын Парламентын гишүүн асан. Канадын Уул уурхайн ассоциаци болон PDAC-ийн ерөнхийлөгчөөр олон жил ажилласан, Төр, хувийн хэвшил талаасаа асуудлыг сайн мэдэх туршлагатай ажээ. Зөвхөн монголчууд өөрсдөө яриад байхгүй, гаднын оролцогчид хурлын чиглүүлэгчээр ажиллаж, туршлагаа хуваалцах нь энэ жилийн “Монголын өдөр”-гийн нэг онцлог байна.
Энэ жилийн арга хэмжээний хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.
Өнгөрсөн жил Монголын өдөрлөг “PDAC Mongoliа” арга хэмжээнд 100 гаруй зочид оролцсон юм. Монголын хувьд уул уурхайн өндөр хөгжлөөр тэргүүлэх орнуудтай эн зэрэгцэн критикал минералын нийлүүлэгч улс болох амбицаа PDAC 2022 дээр заралсан билээ. Энэхүү чуулганд Монголын эрдэс баялгийн салбараа сурталчлахаар УИХ-ын гишүүд, яам агентлаг, бизнесийн байгууллага, нийгмийн ТББ, мэргэжлийн ассоциаци, компаниуд, мөн хэвлэл мэдээллийнхэн гээд бүх шатны төлөөллийн баг бүрэлдэхүүн Торонто хотноо ажилласан.
Канад нь Монголын гуравдагч хөрш. Манай уул уурхайн салбарын ГШХО-ын 26 хувь буюу 4 доллар тутмын 1 Канадаас оржээ. Монголын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч орон. Хоёр улсын хамтын ажиллагааны тод жишээ бол 2017 онд байгуулан мөрдөгдөж буй FIPA гэгдэх Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих хэлэлцээр юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна