Mining.mn сайт анхны жилдээ PDAC болон PDAC Mongolia албан ёсны хэвлэл мэдээллийн түншээр ажиллаж байна.
Канадын хамгийн том хотуудын нэг Торонтод дэлхийн уул уурхайн салбарын нөлөө бүхий эрхмүүд, улс орнуудын бодлого тодорхойлогчид, компаниуд хүрэлцэн ирээд байна. Тэд уул уурхай, ашигт малтмалын хайгуулын салбарын дэлхийн тэргүүлэх арга хэмжээг зорин ирсэн хэрэг. Энэ бол PDAC...
Канадын эдийн засгийн нийслэл хэмээх тодотголыг өөртөө авчирсан, дэлхийн уул уурхай, хөрөнгийн зах зээлийн халуун цэгт PDAC чуулган өнөөдрөөс буюу 03 дугаар сарын 3-6-ныг хүртэл үргэлжлэх юм.
"Уул уурхайн Давос" гэгддэг PDAC чуулганаар дэлхийн 400 гаруй компанийн төлөөлөл хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцэнэ. Энэ эгнээнд Монголын компаниуд ч багтаж буй. Тэд өөрсдийн хөгжүүлж буй болон хэрэгжүүлж буй төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулж, зах зээлийн чиг хандлага, өөрчлөлт шинэчлэлийн талаар хамгийн үнэ цэнэтэй, бодит мэдээллийг эндээс авах юм.
Монголын үзэсгэлэнгийн талбайн дугаар #6224N, #6125N
Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт буюу PDAC (Prospectors and Developers Association of Canada)-ийг 1932 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн.
Эрдэс баялгийн салбартай эдийн засаг, эрх ашиг, үйл ажиллагаа нь холбогдсон компани, аж ахуйн нэгж, төр, хувийн хэвшил, олон нийтийн уулзах талбар болсон PDAC энэ жил дэлхийн 130 орны төлөөллийг хүлээн авчээ. Ийм өндөр нэр хүндийг олсон PDAC 92 дахь удаагаа өнөөдөр ийнхүү эхэлж байна. Өнөө жил 30 гаруй мянган хүн оролцохоор бүртгүүлсэн байна.
PDAC чуулганы үеэр "Монголын өдөр" хөрөнгө оруулагчдын форум зохион байгуулагдах юм. Манай улс дэлхийн уул уурхайн чуулганд 2006 оноос хойш оролцож байна.
Олон улсаас хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын хараанд өртөх, төслүүдээ танилцуулах, төр засгийн бодлого, эрх зүйн орчны байдлаа хүргэх, өөрсдийгөө сурталчлах зорилго тээн жил бүр Засгийн газар, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөл Торонто хотноо ирдэг.
Энэ жилийн чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, "Оюутолгой" компани, Эрдэнэс Монгол нэгдэл, Эрдэнэт үйлдвэр, Бадрах Энержи, Эрдэнэс Оюу Толгой, Степ Голд, Занаду Майнз тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөлөл оролцож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна