Анти аялал жуулчлал

Х.Батсайхан
20 цаг 33 минутын өмнө

Аялал жуулчлалын салбарт эргэлдэж буй их мөнгө улс орнуудыг жуулчдаас аль болох их мөнгө “саах” уралдаанд хүссэн хүсээгүй татан оруулж, энэ нь салбарын нэг сөрөг тал болж буй бодит үнэнийг онцолж байна.

Аялал жуулчлалын салбарт ялан мандсан, мөнгийг хүүлдэг улсууд дэлхий дээр цөөн биш бий. Тэдгээр улс салбарын хөгжлийн төлөө хүчин чармайлт тавьж, хүссэндээ хүрсэн ч мөнгөөр үнэлж болохгүй амьдралын хэв маяг, соёл нь олон хэлийн жуулчдын “арааз” соёлын нөлөөнд автах болжээ.    

Бид энэ удаа жуулчдад зориулсан хөтөлбөр хэтэрхий хиймэл тул жуулчид жуулчин шиг аялахыг хүсэхээ больж байгаа тухай, жуулчдын тэсрэлт орон нутгийн иргэдийн амьдралын хэв маягт нөлөөлж, зөрчил үүсч байгаа тухай, энэ нь эрдэмтдийн судалгааны шинэ сэдэв болсон тухай өнөөгийн ээдрээт  нөхцөл байдлыг хөндөх болно.

Жуулчдыг үзэн ядах үзэл

Аялал жуулчлал бол улс орны орлогын нэг чухал эх сурвалж мөн. Тийм ч учраас улс бүр аль болох олон жуулчин авахын төлөө өрсөлдөж байгаа. Тэгвэл энэ өрсөлдөөнд ялсан зарим улсын хувьд урьдчилж хараагүй сөрөг зүйлс ажиглагдаж эхэлжээ.


Жуулчдын хөлд дараастай байдаг Португалын Порту хот. Жуулчдын хүслэн болсон, Пиренейн хойгийн олон жижиг хотуудын зөвхөн нэг нь. Энэ хотод  байсгээд жуулчдыг эсэргүүцсэн жагсаал, хөдөлгөөн болдог нь аялал жуулчлал хөгжүүлэх гэж байгаа манайх шиг улсын хувьд сонин үзэгдэл. Ер нь Порту гэлтгүй, жуулчдын хүслэн болсон Барселона, Венец зэрэг хотуудад жуулчдын эсрэг үзэл газар авч, үе, үе ил гарах болжээ. Зүйрлэж хэлбэл, байнга олон зочин бужигнаастай байх нь гэрийн эздийг сэтгэлзүйн дарамтад оруулж, бухимдуулж байгаа жам ёсны үзэгдэл гэх юм уу.

Порту хотын нэг иргэнээс жуулчдад хэрхэн ханддагийг нь асуухад “Энд жуулчдад дуртай нэг хүн байхгүй” гэж хариулснаас үүнийг харж болно. “Жуулчидгүйгээр нэг ч гэсэн өдрийг өнгөрүүлж үзэх юм сан” гэсэн хүсэл хотын хөгшдийн бодолд уяатай. Өсвөр залуу үе нь харин ухаан орсон цагаасаа ийм орчинд өссөн тул жуулчдыг төвөгшөөх нь үгүй. Харин ч харийнхнаас сурсан дадал, соёлоор үндэстний уламжлал соёлоо сүлэх нь хөгшдийн дургүйцлийг төрүүлэх ажээ.  

2017 онд Европын том хотуудад жуулчдыг эсэргүүцсэн жагсаал болсныг энд дурдаж болно. 2016 онд Барселона хот 75.6 сая жуулчин хүлээн авч, түүхэн дээд амжилт тогтоосны дараа эсэргүүцлийн жагсаал эхэлсэн байдаг. Их жуулчин хүлээж авах нь жуулчлалын гол зорилго юм бол энэ нь бараг баяр баймаар. Гэвч үгүй ажээ. Хотын хүн амаас хэд дахин олон жуулчин хүлээж авах нь олон сөрөг талтай аж. Тухайлбал, иргэд нь байраа жуулчдад түрээслүүлээд өөрсдөө гадуур амьдрахад хүрдэг. Ингэхдээ зүгээр тохиролцоод хөлслүүлчихдэг тул татвар төлдөггүй. Улс нь татвараа олж авахын тулд байр түрээслэгчдийг заавал линцензжүүлнэ гэж зүтгэнэ. Эндээс зөрчил үүсдэг байна. Татварын хэрэг Европт ямар хүнд гэмт хэрэгт тооцогддог билээ. Бултсан этгээдүүдийг нэгбүрчлэн олж хариуцлага тооцно гэвэл хотоороо, улсаараа шоронд орох хэмжээний гэмт хэргийн үүр уурхай болж байна, аялал жуулчлал. 

 

Жуулчдын “Жуулчин биш байх” хүсэл

Аялал жуулчлалын гол бүсүүдэд нутгийн иргэдийн жуулчдад хандах хандлага ийнхүү сөрөг тал руу өөрчлөгдөж байгаа бол жуулчдын аялал жуулчлалд хандах хандлага мөн өөрчлөгдөж байна. Тодруулбал, тэд жуулчин шиг биш, нутгийн иргэд шиг байхыг хүсэх болжээ. “Expedia” хэмээх фирмийн явуулсан судалгаагаар энэ нь 100 хувь батлагдсан аж. Жуулчид хотын төв, түүхэн дурсгалт газруудаар явахаас гадна тогтсон маршрутаас гялс хазайж, тухайн улсын нууцлагдсан хэсгээс “эрдэнэс” буюу содон дурсамж олохыг хичээх  болсон байна. Үүнийг “Жуулчдад зориулсан хөтөлбөр, маршрут хэтэрхий хуурамч, өнгөц” гэдэг үзэл дээр тулгуурласан аялал жуулчлалын шинэ хандлага ч гэж нэрлэж болох юм. Үүргэвчтэй аялагчдын тоо эрс өссөн нь ч энэ үзэлтэй холбоотой.

Монголд үүргэвчтэй аялсан нөхдүүд аялагч жуулчлагчдын сүлжээнд “Монголчууд зочломтгой учраас багахан мөнгөөр сайхан аялчихаж болно” гэсэн зөвлөгөө оруулдгаас болж Монголд мөнгөө өгөх гэсэн биш, харин бадар барьж мөнгө авах гэсэн жуулчид олширлоо яах вэ. Жуулчид Монголд валют оруулахгүй юм бол тэднийг хүлээж авч яадаг юм бэ гэсэн яриа гарч байсныг ч энэ зуурт эргэж санав.

Жуулчид ийнхүү тухайн улсыг аяллын хөтөлбөр, маршрут гэх “шилэн хана”-ны цаанаас үзэх сонирхолгүй болж, харин нутгийн иргэн шиг амьдарч, тэдний нэг хэсэг болж үзэхийн тулд тодорхой алхмуудыг хийх болсон байна. Үүнийг дагаад аялал жуулчлалын онцгой маршрут гаргах сэргэлэн компаниуд мөн олширчээ. Жишээ нь, дээр дурдсан Порту хотод 36 настай Кастро гэгч эр хоёр найзынхаа хамт “The Worst Tours” гэх аялал жуулчлалын компанийг таван жилийн өмнө байгуулсан байна. Бусад компаниуд жуулчдад хотын төвийн түүхэн дурсгалт газрууд, музей, номын сан үзүүлдэг бол тэднийх үйлчлүүлэгчдээ хотын захад байх орхигдсон үйлдвэрүүд, ашиглагдахаа больж хаягдсан төмөр замын шугамууд, ядуусын хорооллоор авч явдаг. Мөн үнэтэй зочид буудал цэнгээний газар биш, урьд нь худалдааны төв байгаад 1990-ээд онд дампуурч, одоо кафе, баарууд байрлах болсон газарт аваачиж хооллож, ундална. Хотын янз бүрийн давхаргынхны очих дуртай газар нь, бас бусад тур операторуудын маршрутад байдаггүй гэдгээрээ эсрэг аялал жуулчлал хийхийг хүсэгчдэд чухам тохирсон газар гэнэ.    

Кастрогийн хувьд “The Worst Tours”-ыг байгуулсан нь тухайн үедээ шинэ байсан. Харин одоо дэлхийн өнцөг улан бүрт ижил төстэй үйлчилгээ эрхлэгчид бий болж байгаа ажээ. Жирийн аялагчид хотын төвөөр автобустай аялж байхад “Анти” жуулчид хотын хамгийн эгэл боргил хэсгээр явган аялж, бодит байдалтай нүүр тулдгаараа ялгаатай. Өмнө нь энгийн аялал жуулчлалаар очиж байсан улсдаа “Анти” жуулчлалын чиглэлээр очиход өмнө нь огт үзэж харж байгаагүй мэдрэмжээ авна. Чухам иймээс “Анти” буюу бодит байдалтай танилцах аялал жуулчлалыг энэ салбарын бас нэгэн ашиглагдаагүй боломж, ирээдүйн нөөц бололцоо гэж үзэж байгаа юм.     

“The Worst Tours”-аар үйлчлүүлсэн Мартин Финлейсон Портуд анх удаа ирээд л “Анти” чиглэлээр замнасандаа баяртай байгаа бөгөөд хэрвээ энгийн компани сонгосон бол сая үзсэн бүхнээ үзэхийн тулд дахин ирэх шаардлага гарах байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байв.

Жуулчдын “Жуулчин биш байх” хүсэл

Иймэрхүү “Анти” чиглэлийн аялал жуулчлалын үйлчилгээг зөвхөн гадаадуудад гэлтгүй дотоодын иргэддээ ч үзүүлдэг компаниуд үүсгэн байгуулагдаж байгаа нь энэ салбарын үйлчилгээг олон талт болгох гэсэн бүтээлч эрэл хайгуул үргэлжилсээр байгааг харуулж, бусдадаа найдлага төрүүлэх ажгуу.

Южин Куинн гэх бизнесмэн Австрийн Вена хотод “Уйтгартай Венийн аялал”, “Авлигажсан Венийн аялал”, “Шөнө дундын Венийн аялал” гэх мэт аяллын маршрут санал болгодог бөгөөд үйлчлүүлэгчдийн 80 хувь нь Вена хотын уугуул оршин суугчид байдаг сонин жишээ ч байна. Гуру Жейн Жейкобсын санаачилсан “Жейний явган аялал” /Jane Walk хөдөлгөөн/, Торонтогийн замын хөдөлгөөний зохицуулагч Алия Сканлоны санаачилсан аялал гээд энэ тал дээр олон, олон бүтээгдэхүүнүүд бий болж байна.


Тиймээс, сэтгэж, хийж л чадах юм бол энэ салбарын нөөц бололцоо шавхагдашгүй ажээ. Гагцхүү мэдрэмжтэй байж, дэлхийн чиг хандлагаас хоцролгүй  үйлчилгээндээ нэвтрүүлээд явах нь чухал байна.

Дэлхий дахинд манай улсыг харуулахдаа ихэвчлэн гуйлгачин хүүхдүүд, ядуусын буюу гэр хорооллоор төлөөлүүлж харуулсан байдаг гэх эмзэглэл бий. Тэгвэл, манайд ирж байгаа жуулчид тэр мэдээллээ бодитоор нь харахыг хүсэж байж бас болно оо доо. Үзэж чадалгүй явчихвал нэг юм дутуу үлдчих гээд. Түүнийг нь л нөхөж өгөх нь Анти аялал жуулчлалын нэг зорилго юм. Анти аялал жуулчлалаар бол Улаанчуулуутын хогийн цэг аялал жуулчлалын нэг маршрут байж болно гэсэн үг. “Нэр хугарахаар яс хугар” гэсэн үзэлтэй, нутаг усныхаа нэрийг дээдэлсэн Монголд энэ санааг хэрэгжүүлэх компани гарч ирэхэд хэцүү л байх, гэхдээ дэлхийд бол ийм чиглэл гарчихаад хөгжиж байгааг л дуулгаж байгаа юм.      





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна