Ардчилсан намынхан хотын хэмжээнд 100 байршилд “Ялгааг ол” хэмээн боржин бордюрыг ил байрлуулж, нийслэлийнхэнд татвар төлөгчдийн мөнгө хэрхэн дарга нарын тендерийн үнийн хөөсрөлд хийсч байгааг ойлгуулахыг зорьсон. Гэвч нийслэлийн захиргаанаас яаралтай хүн хүч гарган, бордюруудыг хурааж, цэвэрлэсэн байна. Учир нь хотын даргын гарын үсгээр сольж байгаа нэг ширхэг бордюр 178 мянган төгрөг бол АН-ынхан Эрээнээс 19 мянган төгрөгөөр бордюр захиалж авчирсан юм. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд ардын нам засаглаж, авлига хэрээс хэтэрснийг ийнхүү иргэдэд ойлгуулахыг Ардчилсан намыхан хүссэн ч эрх баригчид эмээж, зам дагуу байрлуулсан бордюруудыг хуу хамаад хураажээ.
Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр нийслэлийн хэмжээнд 192 км замын засварын ажил хийж байгаагаар тооцвол энэ жил 100 гаруй тэрбумаар үнэлэгдэх бордюрыг сольж байна. Улсын мөнгө уйлдаггүй гэгчээр нийслэлийнхэн нэг ширхэг боржин чулуун бордюрыг 178 мянган төгрөг буюу 10 дахин өндөр үнээр худалдан авч төсвийн хөрөнгийг үрэн таран хийж байгааг иргэд олноороо шүүмжилж буй. Ардчилсан намын зарим гишүүн хотынхны сольж байгаа боржин бордюрыг Эрээнээс 10 дахин хямд үнээр олсон. Үүнийгээ иргэдэд ойлгуулах үүднээс хотын 100 байршилд “Ялгааг ол” бордюрын явган зорчигчдын хөдөлгөөнд саадгүйгээр байрлуулж, иргэдийн төлсөн татварын хөрөнгийг хэрхэн үнэгүйдүүлж, гарын салаагаар урсгаж байгааг нийтэд харуулав. Харин хотын дарга бүгдийг нь хамж, цэвэрлэжээ. Энэ нь Х.Нямбаатар дарга үнэнээс айж, хулгайгаа нуух гэсэндээ ийн гялалзуулсан бололтой. Учир нь, тэрээр зуны саруудад ажлаа амжуулж чадалгүй хүйтний ам наашилсан намрын өдрүүдэд хаа сайгүй зам хааж, бордюр сольж байгаа билээ.
“Монгол хүн дээлээ солихдоо эмжээрээ сольдог” хэмээн зүтгэж, хотын автозамуудыг шинэчлэх ажлын хүрээнд замын хашлага буюу бордюрыг боржин чулуугаар сольж байгаа. Жил бүр солихгүй, 20 жил дахиж гар хүрэхгүй гэж хотын даргын рекламдаж байгаа боржин бордюрын үнэ 1 ширхэг нь 178 мянган төгрөг. Гэвч худалдааны сайтуудаас хэдэн дахин бага үнэтэй байгааг харсан иргэд ногоон автобусны хэрэг шиг төсвийн мөнгөний хулгай хэмээн хатуухан шүүмжилсэн. Хариуд нь хотын дарга урвагнан, “замын шинэчлэлийн ажлыг зогсоох уу” хэмээн санал асуулга явуулан шантаажилж, ичсэн нэрэндээ авто зам шинэчлэлтийн ажлыг өдөр шөнөгүй үргэлжлүүлж буй. Өдөртөө хэд хэдэн чиглэлийн зам хаан, түгжрэл үүсгэж, иргэдээ бухимдуулан барин сольж байгаа замын хашлагыг Эрээнээс 19000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Тиймээс ардчилсан нам хотын 100 байршилд “ялгааг ол” нэртэй нөлөөллийн ажлыг эхлүүлж, яг ижил бордюрыг байрлуулж, үнийн ялгаагаар төсвийн хулгайг иргэдэд ойлгуулахыг хүсчээ. Гэвч үнэнээс ичсэн эрх баригчид бүгдийг нь хаман цэвэрлэсэн байна.
Энэ намрын гол сенсаци бордюрын мафи. Мафийн эзэд нь хотыг удирдаж байгаа эрх баригчид. Тэд ганцхан ширхэг бордюраас багадаа 100 мянган төгрөг халаасалж сууна. Нийслэлд энэ жил автозамын шинэчлэлээр 37 тэрбум төгрөгийн ажил хийнэ гэж байсан ч одоогоор хэдэн зуун тэрбумаар яригдаж эхлэв.
Хотын даргын хэлснээр 192 км замыг шинэчилж байгаа гэхээр тэр хэмжээний бордюр сольж буй биз. Гэхдээ нэг алд буюу 1 ширхэг нь 178 мянган төгрөг. Харин Эрээнээс яг ижлийг 19 мянган төгрөгөөр авч болж байна. Бизнест ашиг байх нь зүй. Харамсалтай нь, ганц ширхэг бордюраас л багадаа 100 мянган төгрөг буюу өртгөөс нь хэд дахин давсан ашиг хийж байгаа уг ажлыг мафийн хэмжээнд очжээ хэмээн иргэд олноороо шүүмжилж байгаа. Тиймээс ардчилсан намынхан үүнийг иргэдэд ойлгуулахаар нөлөөллийн ажлыг эхлүүлсэн нь “ялгааг ол” нэртэй нийслэлийн томоохон уулзвар, гарцуудад байрлуулсан бордюрууд байлаа.
Гэвч өглөө тавьсан бордюрыг “Бордюрын мафийнхан” бүгдийг нь ачиж, цэвэрлэжээ. Яг үүн шигээ хотынхон хогоо цэвэрлэдэг бол бид хэдийнэ Азийн цагаан дагина болохоор байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна